logo
Хөгжлийн банк нүүрээ барж, “Эрдэнэс Тавантолгой” модоо барьжээ

Хөгжлийн банк нүүрээ барж, “Эрдэнэс Тавантолгой” модоо барьжээ

2012/06/22
Засгийн газар энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаараа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох сая төгрөгийнхөө үлдэгдлийг хэрхэн өгөхөө хэлэлцжээ. Тэгээд үлдсэн 670 мянгынхаа талыг нь өчигдрөөс эхлэн олгохоор болсон хэмээн мэдэгдэв. Ингэхдээ “Эрдэнэт” үйлдвэрээс мөнгө босгосон хэмээв. Уг нь Хүний хөгжил сангийн төсвийн тухай хуулийн дагуу уг нь энэ онд “Эрдэнэс Тавантолгой” компани 312 тэрбум төгрөгийн татварын урьдчилгаа төлбөрийг Хүний хөгжлийн санд төвлөрүүлэх ёстой. Энэ мөнгөөр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая төгрөгийг өгөх байлаа. Гэсэн ч “Эрдэнэс Тавантолгой”-д мөнгө олдсонгүй учир ийн “Эрдэнэт”-ээс “татвар” хурааж л дээ. Тэгвэл Хүний хөгжил санд мөнгө төвлөрүүлэхийн тулд “Эрдэнэс Тавантолгой”-нхон хэрхэн хөглөж байсныг цухасхан сонирхуулъя. Тус компанийнхан иргэдэд өгөх эрх баригчдын амалсан мөнгийг олохын тулд гаднын хөрөнгө оруулалтын томоохон банкуудад хандсаны нэг нь “Standart Chartered”. Энэ банк нь Монголын “Эрдэнэс Тавантолгой”-д мөнгө олгохыг зөвшөөрсөн ганц нэгхэн хөрөнгө оруулагчийн нэг байжээ. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” гэдэг бол эрх баригчдын амлалтаа санхүүжүүлэх гол эх үүсвэр гэдгийг эрх биш мэдэж байсан болохоор хатуу нөхцөл шаардсан байна. Зээлсэн мөнгөө Монголд оруулж ирэхгүй байх, улмаар зөвхөн гадаад төлбөр хийх нөхцөлтэйгөөр л зээл олгоно гэдгээ “Standart Chartered”-ынхан мэдэгдсэн юм байна. Томхон хөрөнгө оруулалтын банк Тавантолгойг гол мэдэж байгаа Монголын төрийн өмчит компанид ийн хатуурхсан нь мэдээж учиртай. Хятадын төрийн өмчит “Чалко”-гоос нүүрсний урьдчилгаанд авсан мөнгөө халамжид зараад дууссан нь гадаад зах зээл дээрх Монголын төр, түүний мэдлийн компанийнн нэр хүндийг ингэж унагасан хэрэг шүү дээ. Тэгвэл олон юм давж байж байгуулсан Хөгжлийн банкны нэр хүнд ч олон улсын тавцанд унах аюулд мөн л өртөөд байгаа ажээ. Мөнөөх л халамж, мөнөөх л “Эрдэнэс Тавантолгой”-гоос болоод.
Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа хойш гаднын хөрөнгө оруулагчдаас 600 сая ам.долларын зээлийг олж ирсэн. Хоногт 90 мянган долларын хүү төлж байгаа гэгддэг энэхүү мөнгө нь одоогоор Монголбанкинд байх ёстой. Ёстой гэж тодотгохын учир нь энэ мөнгөнөөс эрх баригчид хусчихсан ч байж  болох талтай. Уг нь бол Хөгжлийн банкны мөнгийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон бусад хууль тогтоолын дагуу зөвхөн бодит салбар, суурь дэд бүтцийг барьж байгуулахад л зарцуулах ёстой. Энэ дагуу ч Засгийн газар тогтоол гарган “Эрдэнэс Тавантолгой” компанийг төмөр замын суурь бүтцийг эзэмших эрхтэй болгоод түүнд 399 тэрбум төгрөг зээлдүүлэхийг  Хөгжлийн банкинд даалгаад байв. Энэ хүртэл бүх юм ном дүрмийн дагуу явж байжээ гэсэн үг шүү дээ. Харин яг санхүүжилт хийгдэх гэтэл бодит байдал арай өөр байсан болохоор Хөгжлийн банкныхан “Эрдэнэс Тавантолгой” руу мөнгөө шилжүүлэх гэж яараагүй ажээ. Гэтэл хэдхэн хоногийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан 250 тэрбумын зээл авах хүсэлтээ Хөгжлийн банкинд ирүүлсэн юм байна. Энд тодруулахад Хүний хөгжлийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгоход дутагдаж байгаа санхүүжилт нь мөн л 250 тэрбум. Сонгууль дөхсөн энэ үед Хөгжлийн банкнаас хүссэн зээлийн хэмжээ, Хүний хөгжил санд дутагдаж байгаа хөрөнгө хоёр давхцаж байгаа нь сэжиг төрүүлэм биш гэж үү. Ийм байхад энэ мөнгөөр төмөр замыг санхүүжүүлнэ гэж хэн иигэх юм бэ. Тэгээд ч энэ мөнгийг нь Хөгжлийн банкнаас гаргаад, түүгээр нь төмөр зам биш халамжийн амлалтаа санхүүжүүлчихвэл эргээд энэ банкинд итгэл хүлээлгэх гаднынхан олдохгүй биз дээ. Ингээд л Хөгжлийн банкныхан зээл өгөхөөс татгалзсан юм байна. Ингээд л эрх баригчид “”Эрдэнэт рүү гараа дүрсэн юм байна. Гадаад зах зээлд нэр хүндээ баран байж Засгийн газрын уржигдрын хуралдаанаасаа ийм шийдвэр гаргасан юм байна.
С.Ононтуул
Үндэсний шуудан сонин 2012,06,21


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш