“Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ “Монгол ятга” төслийг санаачлан, хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн ажил одоогоор судалгааны шатанд яваа гэнэ. Энэ хүрээнд дөрвөн төрлийн ятгыг сэргээн засварлах аж. Үүнд, ахуй, сонгомол их, хатан, монгол зэрэг ятга хийхээр төлөвлөж, зураг төслийг нь гаргажээ. Монголчуудын ятга хөгжим урладаг арга технологи уламжлагдаж ирээгүй учраас хэрхэн, яаж хийхийг нь мэдэх хүн ховор, тиймээс энэ асуудлыг төслийн хүрээнд нэг мөр болгон шийдэх юм байна. Сонирхуулахад, Монголын нэрт хөгжмийн зохиолчдын олон арван бүтээлийг өөрийн орны болон олон улсын нэр хүндтэй симфони найрал хөгжмүүдтэй гоцлон тоглож байсан ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ анхны хос ятгатай клипээ хийлгэж байгаа гэнэ. Бүтээлийн найруулгыг “UP” продакшны ерөнхий продьюсер Н.Халиун найруулжээ. Монголд анх удаа хийж байгаа хос ятгатай клипийг “Mongolian Music Agency”-гийн захиалгаар “V-Studio” хийж байгаа юм байна.
Д.Догсмаа
МОНЦАМЭ
Д.Догсмаа
МОНЦАМЭ