logo
“Хурдан зүүд”-ийг сүнс гэж ойлгодог

“Хурдан зүүд”-ийг сүнс гэж ойлгодог

2011/06/27
Сүнс байдаг эсэхийг батлахаар эрдэмтэд олон судалгаа хийсэн. Үхээд сэхсэн буюу үхлийн ирмэгт очоод ирсэн хүмүүсийн баталдгаар сүнс буюу хий биет гэж хүнд байдаг аж. Голландын хүн судлаач Пим Ван Ломмель, Британийн эрдэмтэн Кристофер Френч нар 10 жилийн турш 10 эмнэлгийн 344 өвчтөнд судалгаа хийсний эцэст дараагийн амьдрал байхгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хүмүүсийн ярьдаг диваажин гэдэг нь тухайн хүний дотоод ертөнцөд орших итгэл үнэмшил төдий зүйл гэнэ. Өөрөөр хэлбэл өөр нэгэн ертөнцийн тухай ойлголтыг хүн сэтгэлдээ ургуулж, түүндээ итгэхийг хүсдэгт л хамаг учир бий аж. Судалгаа хийсэн 10 жилийн дотор тэд үхлийн ирмэгт очсон олон хүнтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонсоход ижил төстэй зүйл бараг үгүй байсан нь сонирхлыг нь татсан байна. Үхэл мэдэрсэн гэх хүмүүс хийсвэр сэтгэлгээндээ тулгуурлан, үхсэнийхээ дараа тийм л газарт очихыг хүсэж буйгаа илэрхийлэн, худлаа зүйл зохион ярьдаг гэж эрдэмтэд дүгнэжээ. “Үхсэн хүн хурц гэрэл гялбасан газарт очдог. Эсвэл нас барсан танилуудтайгаа уулзсан зэргээр ярьдаг. Тэр яриа сэтгэхүйд нь гүн нөлөөлж, үхээд дахин амьдрахдаа тэр зүйлийг харсан гэж батлахыг оролддогт учир бий” гэж судлаачид ярьж байна. Энэ нь хүчилтөрөгчийн дутагдалд орсноор тархин дахь цусан хангамж муудан, хэвийн ажиллагаа нь алдагдаж, хий юм сонсож, яг л хар тамхинд донтох мэт болдогтой холбоотой. Тархи хүчилтөрөгчөөр “өлссөн” үед хараанд нөлөөлж, гялбаж байгаа мэт мэдрэмж төрдөг гэж Америкийн судлаач Кевин Нельсон ярьжээ. Ийм үзэгдлийг “хурдан зүүд” гэдэг бөгөөд энэ үед нүдний өмнүүр үйл явдал маш түргэн өрнөөд алга болдог гэж мэргэжилтнүүд тайлбарладаг.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш