logo
Азийн бар их хотын амьдралаас уйдаж байна

Азийн бар их хотын амьдралаас уйдаж байна

2011/06/27
Фараоны бунханд зочилсон хэн бүхэн эсэн мэнд гарсандаа баярлана 
Хөгжлийн хурдаараа барын үсрэлт хийсэн гэж зүй ёсоор хүлээн зөвшөөрөгддөг Азийн дөрвөн улсын нэг болох Сингапур улсад хийсэн бидний аялал дэлхийд алдартай Сентоза арлаас үргэлжилсэн юм. Дэлхийд залуучуудын зугаа цэнгэлийн арал гэдгээрээ гайхагдсан энэ газарт ирсэн хүн бүр “Далай доорх амьдрал” хэмээх аквариумыг үзэлгүйгээр өнгөрөх учиргүй. Бид ч энэ газраас аяллаа эхэлсэн юм. Энд бидний мэдээллийн хэрэгслээс л харж байсан алхан толгойтой загас, далайн мөөг, аварга том соом, далайн од, өхөөрдөм хөөрхөн немо загас гээд л усны ертөнцийн амьдрал өрнөх аж. 

Эдгээр уснаа явагчид хүнд их дассан тул хоол тэжээлийг нь өгөхөөр орсон аквариумын ажилчдад эрхэлж, илүүлж заримдаа тэднийг даган сэлж байгааг нь харахад үнэхээр сонирхолтой санагдаж байлаа. Хэрвээ та хүсвэл тусгай аквариумд орж эдгээр загасны адил зургаа татуулах ч боломжтой. Аялал жуулчлал өндөр хөгжсөн энэ улс хүнийг зугаацуулж стресс ядаргаа тайлахад бүх зүйлийг зориулсан гэж хэлж болохоор юм билээ. Далай доорх энэ цэнхэр ертөнцөөр аялсаны дараа бид 2010 оны гуравдугаар сард нээлтээ хийсэн “Universal” студиэр зочилсон юм. Биднийг хамгийн түрүүнд алдарт найруулагч Стивен Спилбергийн дүрс бичлэг бүхий өрөө энд угтсан юм. Түүний кино ертөнцтэй холбогдсон түүх бүхий ярилцлагын дараа таны нүдний өмнө телевизийн хөтлөгч цаг агаар муудаж, гамшиг болж байгаа мэдээллийг Америкаас дамжуулна. 

Түүнийг ийн мэдээлэх зуур нүдний таны өмнө далайн шуурга болж, дэлгүүрийн хаяг, хүний хувцас, сонин хэвлэл гээд л үй олон зүйл шуурганд хийсч, далайн ус давалгаалан асгарч, хөлөг онгоц шатаж, асар их зүйлс нүргэлэн нурж унах чимээ гарч, гэнэт мэдээ дамжуулж байсан телевизийн шугам тасарна. Энэ бүхнийг харсан хүн бүр кино хэмээх тэр сонирхолтой хийгээд адармаатай ертөнцийн талаар маш өөр төсөөлөлтэй болдог юм билээ. Эндээс гарангуут өнөөдрийг хүртэл дэлхийн сайхан бүсгүй хэмээн зүй ёсоор нэрлэгдэж байгаа Мерлин Монро, Гладиатер, харь гаригийн дайчин, Египетийн Фараон, Дональд нугас, Кунфу панда гээд л дэлгэцийн баатрууд угтсан юм. Дэлхий нийтэд таашаагдсан эдгээр баатрыг тэвэрч, үнсүүлж зургаа татуулахыг хүссэн олон жуулчин эмх цэгцтэй дугаарлан зогсч, тэднийг шагшин магтна. Та тэдэнтэй хамт Оскарын шагнал хүртэж буй мэтээр ч өөрийгөө зурганд мөнхлөх боломжтой. 

Гэхдээ таны нэр дэвшиж байгаа номинаци шилдэг эмэгтэй жүжигчин, гол дүр гэхийн оронд сайн эгч, сайн ээж, хөөрхөн бүсгүй гэх зэргээр үргэлжлэх болно. Үүний дараа бид үлэг гүрвэлийн ертөнцөөр зочилсон юм. Усан завиар тусгай зориулалтын замаар үргэлжлэх энэ аяллын туршид бидэн рүү үлэмж том үлэг гүрвэлүүд дайрч, жижиг зулзаганууд нь ус цацаж, өндөрт орших хүрхрээн дээрээс усан завь унаж айх, гайхахыг зэрэгцүүлсээр явлаа. Усанд норж сэргэсэн жуулчид эндээс гараад Египетийн Фараонуудын бунхныг зорьсон хэн бүхэн айдас гэдгийг мэдэрч, эсэн мэнд газардсандаа баярлах байх. Учир нь бунхнуудын дундуур явах зуур таны замд бэхэлгээ бүхий суудал угтана. Энэ суудал хөдлөнгүүт гэрэл унтарч, таны хажууханд буй Фараонууд сэрж, нүднээс нь гал бутарч, таныг тамын халуун гал төөнөх аж. Ингээд төд удалгүй та өндрөөс хүчтэй унаж, өөдөөс таны үйл олон арвалзсан хорхой шавьж таныг бүчих юм. Эндээс бидний унаа хөдөлж, эргэхэд бунхны хаалга дээрээс тань хаагдаж, өндөрт аварга том динозаварын ам руу та орох нь тэр агшинд гэрэл зургийн аппарат ажиллаж таны зургийг мөнхлөх болно.

Гэхдээ танд захихад яг энд очоод үсээ янзалж инээмсэглэх хэрэгтэй юм билээ. Ингээд аймшигт аялал дуусахад гаднах дэлгэцэнд таны хөгжилтэй агшин дэлгэцэнд мөнхөрсөн байх болно. Энэ мэтчилэнгээр зугаа цэнгэлийн өлгий болсон энэ газарт нэгэн өдрийг өнгөрөөсний эцэст таныг Сентоза арлын жуулчдыг татах менежментийн нэг болох далайн давалгаа, лазерийн гэрлийг ашигласан шоу угтаж лусын дагины тухай үлгэр таны өмнө гайхамшигийг харуулна. Үлгэр Сентоза арлын жаалууд бүжин наадаж байгаагаар эхлэх бөгөөд тэдний өмнө далайн өхөөрдөм загаснууд, далайн шулам, лусын дагина гээд л лазерийн гэрэл, далайн давалгаа ашигласан гайхамшиг хөгжилтэй бөгөөд тансгаар үргэлжилнэ. Дээрх цэнгээнт тоглоомуудаар наадсаны дараа та тоглоомын хаан казиногийн ертөнцөөр зочлох боломжтой. Энд хуран цугласан олон хүмүүс тансаг зэрэглэл, аюулгүй байдал, үйлчилгээний чанарыг нь харгалзаж тус арлыг зорьдог хэмээн олон хүн өгүүлж байлаа. 

Машинтай сингапурчууд хамгийн баян нь 
Сингапурт таныг зочлох үед автомашин хөлөглөн явж байгаа хүмүүсийг та улсдаа баян чинээлэгт тооцогддог хэмээн ойлгож болно. Тэр дундаа “Toyotа” маркийн автомашин хөлөглөсөн бол тэр хүн улсад асар их татвар төлдөг гэсэн үг. Сингапурчууд сард дунджаар 6000-10000 сингапур долларын цалинтай. Харин баячууд нь сардаа 10000-12000 сингапур доллараар цалинждаг ажээ. Орлогын хэмжээнээсээ хамаараад улсдаа 8-13 хувийн татвар тогтмол төлдөг байх юм. Хүмүүсийнх нь дундаж наслалт 65-75-д хүрээд байгаа. Чанартай хоол хүнснээс гадна эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг тул хүн амын өсөлт сүүлийн жилүүдэд илүү сайжирч байгаа. 

Хачирхалтай нь манайх шиг гэрлэсэн хосуудад болон шинэ мэндэлсэн хүүхэд бүрт 400 сингапур доллар өгдөг гэнэ. Хүүхдэд зориулсан энэ дансанд эцэг, эх нь жилд нэг доллар ч хамаагүй заавал хийж байх ёстой аж. Ингэснээр тэд хүүхдийнхээ ирээдүйн эрүүл мэнд, боловсролын талаар санаа зовох зүйлгүй амьдарч чаддаг байна. Таван сая орчим хүн амтай энэ улсад хүмүүс энэ байдлаар бүх зүйлээ зохион байгуулсан байдаг тул амьдралын ямар нэгэн асуудалгүй байдаг гэнэ. Гэвч сүүлийн үед энэ улсад нэгэн толгойны өвчин бий болсон байна. Тодруулбал, иргэд нь их хотын нэгэн хэвийн бүх зүйл нь бэлэн зэлэн амьдралаасаа залхах болжээ. Амьдралаас уйдах хэв маягт шилжиж байгаа эдгээр хүмүүс тал газар, алсын бараа харахыг үнэхээр их хүсэмжилдэг гэнэ. 

Манай орчуулагчийн хэлж байгаагаар Монголд ирсэн сингапурчууд ихэвчлэн Тэрэлжид очдог байна. Тэнд очоод багахан хэмжээний тал газар хараад л сэтгэл нь хөдөлж, маш их сэтгэл ханамж авдаг гэж байлаа. Эдгээр хүмүүст Мэнэнгийн талыг үзнэ гэдэг мөрөөдөл, диваажин гэж байсан нь бидэнд аялал жуулчлалаа хөгжүүлэх боломж, орон зай бий гэдгийг сануулсан. Гэр бүлсэг, найрсаг энэ оронд гарч байгаа өөр нэгэн асуудал нь сүүлийн жилүүдэд залуус боловсрол хувь хүний хөгжилдөө анхаарлаа хандуулж эмэгтэйчүүд нь 27-28 нас, эрэгтэй нь 30-31 насны хооронд гэрлэх болсон байна. Ингэж оройтож гэр бүл зохиосон хүмүүс 10-20 жил хамт амьдарсан ч үр хүүхэдгүй байх нь их гэнэ. Сингапур гэр бүл голдуу нэг хүүхэдтэй байдаг ба дээд тал нь хоёр хүүхэдтэй байдаг ажээ. Хүн амынх нь нөхөн үржихүйн байдал ийм төвшинд байгаа тул нийт иргэдийнх нь насжилт хөгширч 10-20 жилийн дараа тэтгэврийн насныхан олон болж улс орны эдийн засгийн байдал хүндрэх магадлалтай хэмээж байлаа. 

Азийн бар гэгддэг энэ улсад сард нэг сая жуулчин ирдэг. Тиймээс улсын үндэсний орлогоо бүрдүүлэгч дөрвөн гол салбарын нэг нь яахын аргагүй аялал жуулчлалын салбар болоод байгаа юм. Эндэхийн аялал жуулчлалын салбарын аливаа гоё үзмэр үйлчилгээг нь авах тасалбар нь маш хямд байдаг тул жуулчдыг ихээр татдаг байна. Нэг тоглоомон дээр тоглоод л гараад ирэхэд өөрийн тань тоглож байгаа зургийг бэлэг дурсгалын зүйлсийн хамт худалдааны ширээн дээр өрөөстэй байна. Маш богино хугацаанд таны зургийг угаагаад гоё хавтас ч юм уу, түлхүүрний оосорт хийгээд танд зарна гэсэн үг. Энэ мэтчилэнгээр бага багаар та мөнгөө үрсээр байгаад гарахдаа сая төгрөг ч үрсэн байж мэднэ. Тус улс аялал жуулчлалын хөгжлөөсөө гадна дэлхийн бусад улс орныг хамгийн ашигтай дамжин өнгөрүүлэх худалдааны том боомтоороо татдаг. 

Мөн дэлхийн санхүүгийн төвийг төвлөрүүлж дэлхий даяар тарсан мөнгийг байршуулах 150 банк энд ажиллаж байна. Дэлхийн нэртэй одод, мөнгөтэй хүмүүс энд ирж мөнгөө хадгалж, хөрөнгө оруулалт хийдэг. Энэ нь Сингапур улс хөгжих гол хүчин зүйлийн нэг болжээ. Үүнээс гадна Хятад, Энэтхэг, Индонези зэрэг олон хүн амтай үйлдвэрлэл хөгжсөн улс оронд өөрсдийн зохион бүтээсэн зүйлийнхээ загварыг худалдаалж, тэдний дуурайлган гаргасан бүтээгдэхүүнээс санаа авч бүтээгдэхүүнээ илүү хямд өртөгөөр чанартай хийх гарцаа нэмэгдүүлж, асар их мөнгө олж, хөгжин цэцэглэсээр байна. 

С.Энхзаяа
/Монголын мэдээ/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш