logo
Хятадад танилцуулах үйлчилгээ үзүүлдэг компаниудын тоо нэмэгдэж байна

Хятадад танилцуулах үйлчилгээ үзүүлдэг компаниудын тоо нэмэгдэж байна

2012/06/23
Эдгээр хүмүүс хань ижлээ хайцгааж байна. Олон мянган гоонь эрчүүд болон эмэгтэйчүүд өөртөө тохирох хүнийг олохоор Шанхайд болсон үзэсгэлэн дээр хүрэлцэн иржээ. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ ирээдүйн эхнэр нөхрийг нь олохын тулд самбар дээрх хүмүүсийн танилцуулгыг уншиж байгаа нь энэ юм. Үзэсгэлэнг сонирхохоор ганц бие залуус, үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовсон эцэг эхчүүд нийлсэн 38.000 орчим хүн хүрэлцэн иржээ.
Ийнхүү Хятадад телевизийн шоу гэх мэт хүмүүсийг хооронд нь зуучилж танилцуулах үйлчилгээ томоохон бизнес болж хувирчээ. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын тоо ч нэмэгдсэн байна. Зарим компаниуд хань ижлээ хэрхэн олохыг, мөн гэр бүлийн амьдралд өөрийгөө хэрхэн бэлтгэх талаар ганцаарчилсан сургалт явуулдаг байна.
Хятадад 1978 оноос хойш хэрэгжиж байгаа Нэг өрх-Нэг хүүхэд буюу гэр бүл төлөвлөлтийн бодлогын дүнд 1979-2011 оны хооронд 400 сая төрөлтийг хязгаарласан гэж энэ улсын албаны хүмүүс мэдэгддэг юм. Өөрөөр хэлбэл энэ бодлогыг хэрэгжүүлээгүй байсан бол урд хөршийн хүн ам одоогийнхоос 400 саяар их байх байжээ.
Шанхай хотод гэрлэхээр бүртгүүлэх хүний тоо энэ жил 17 хувиар буурна гэсэн тооцоо ч гарсан байна.
Нэг өрх-Нэг хүүхэд бодлогоос болж Хятадын нийгэмд зарим нэг сөрөг үзэгдлүүд ажиглагддагийн нэг жишээ нь хүйсийн харьцаа алдагдаж байгаа явдал юм. Хятадад 100 эмэгтэйд 120 эрэгтэй оногддог тухай мэдээлэл байдаг. Тиймээс эхнэр авах нь Хятад эрчүүдийн хувьд нэлээд бэрх байдаг байна.
Хятадын Үндэсний статистикийн товчооноос мэдээлснээр 690.8 сая хүн буюу Хятадын 1.34 тэрбум хүн амын 51.3 хувь нь хот суурин газруудад амьдарч байгаа юм.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш