logo
Монголын сонин хачин

Монголын сонин хачин

2012/06/25
Эртний балгасанд хадгалагдсан үйсэн номууд

Монгол нутаг дахь эрний балгасын туурьт малтлага хийсэн археологичид үйсэн дээр бичсэн номууд олжээ.
Энэхүү дурсгал нь цаас бий болохоос өмнө Монголчууд үйсэн дээр ном судраа бичиж үлдээж байсныг нотлох томоохон баримт төдийгүй номын агуулгаас түүхийн нэгэн үеийг тодруулах ховор боломжийг олгож байгаа юм. Үйсэн номууд хадгалагдаж байсан Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь Хар бух хэмээх эртний балгасыг 16-17-р зууны үед Монголчуудын үйсэн ном бүтээдэг нэгэн төв болохыг мөн тогтоожээ.
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн 1996 оноос Японы эрдэмтэдтэй хамтран монгол нутаг дахь эртний бичиг үсгийн дурсгалуудыг хайж илрүүлэх, судалж шинжлэх зорилготой "Бичээс" төслийг эхлүүлсэн билээ. Тус төслийн судалгааны багийнхан дээрх ховор олдвороос гадна Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Бүлээн хэмээх газраас эртний хятан бичигтэй гэрэлт хөшөөг шинээр олсон юм. Урьдчилсан судалгаанаас үзвэл энэ хөшөөг 1058 оны 8-р сарын 1-нд босгосон бөгөөд Монгол нутгаас олдож буй хятан бичигт эй тусгайлан босгосон гэрэлт хөшөө гэдгээрээ онцлог юм.
Хар бух балгасаас олдсон үйсэн номууд одоо Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнд хадгалагдаж байна. Эрдэмтэд тэдгээрийг сэргээн засаж бэхжүүлэхийн хамт судлаж тусгай ном гаргахаар төлөвлөж байгаа ажээ.


Дэлхийн хамгийн эртний хүн Монголоос олдсон уу

"Mongolanthropus" хэмээх нэрээр дэлхийн шинжлэх ухаанд нэрлэгдээд байгаа Homo erectus-ын толгойн ясны үлдэгдэл нь Монгол орны нэн эртний түүхийн шинжлэлд чухал олдвор болсон ба тэр нь он цагийн хувьд магадгүй Бээжингийн хэмээн нэрлэгдсэн хүний яснаас ч өмнөх үед холбогдож болох талаар урьдчилсан дүгнэлт гараад байна.
Хэрвээ энэ таамаглал албан ёсоор батлагдвал Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эртний хүн амьдарч эхэлсэн хэмээн үздэг он тооллыг түүнээс ч өмнө болгон урагшлуулах бөгөөд Төв Азид, тэр тусмаа Монгол нутагт дэлхийн анхны хүмүүс амьдарч байсныг нотлох томоохон нээлт болох юм. Эртний хүний толгойн ясны энэхүү үлдэгдэл нь Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дахь Салхитын хөндий хэмээх газраас 2006 онд олдсон билээ. Тухайн олдворын талаар ШУА-ын Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Цэвээндорж судлаач Ц.Амгалантөгсийн хамт "Нэн эртний монгол хүн буюу Mongolanthropus" хэмээх судалгааны бүтээл бичиж дэлхий дээрх нэн эртний хүний талаарх судалгаанд Монголын талаас үнэтэй хувь нэмрээ оруулсан байна.
Хятад улсаас олдож "Бээжингийн" хэмээн нэрлэгдсэн эртний хүний яс одоогоор олдоод байгаа археологийн дурсгалаас дэлхийн хамгийн эртний хүнд тооцогддог юм.


Монголын говиос олдсон таван хуруутай "эртний адуу"

Монголын говиос маш эртний нэгэн зүйл амьтны яс олдсоныг эрдэмтэд шинжлэн судлаад адууны өвөг болохыг тогтоожээ.
Мезонхид-кондилатор хэмээн нэрлэгдсэн уг олдвор нь 40 сая жилийн өмнөх үед хамаарагдах бөгөөд хамгийн гайхалтай нь нэн эртний энэхүү адуу хөлдөө таван хуруутай байжээ. Гурав, дөрвөн хуруутай өвөг адууны араг яс Европоос өмнө нь олдсон боловч таван сарвуутай нь илрээгүй байсан юм байна. Тиймээс орчин үеийн дээд хөгжилт сүүн тэжээлт амьтан төв Ази, тухайлбал Монголын говьд анх бий болоод дөрвөн хуруутай болж тав дахь хуруугаа эх нутагтаа гээгээд тархжээ гэсэн дүгнэлтийг Америкийн эрдэмтэн Г.Ф.Осборн дэвшүүлсэн байна.
Эдгээр судалгаанд үндэслэн Төв азийн өндөрлөг хэсэгт хөлийн сарвуундаа таван хуруутай нэн эртний адууны өвөг "адуухан" үүсэж бий болоод ертөнцийн зүг бүр тийш тархан нүүдэллэсэн, тав дахь хурууны үлдэгдэл нь зөвхөн Монгол адууны дөрвөн мөчинд тодоор илэрдэг "эмгэн туурай" болох таамаглалыг судлаачид дэвшүүлсэн байдаг ажээ.
Монгол адууны генофонд, тархалтыг судалж, богино махлаг хүзүүтэй, бүдүүн гэдэстэй, бахим хөлтэй, том толгойтой, сахлаг үстэй Монгол хэв шинжийн адуу Сибирийг нэвтэлж, Скандинавын зүгт тархаж вятка, жмудка болон сибирийн адуунд, дорнод Европ тийш тарапан, дунд бага Ази уруу казах, киргиз, туркмен адуунд, тухайлбал ахал-тэх, араб үүлдэрт, зүүн хойд зүгт тундрын якут цагаан адуунд, зүүн өмнө зүгт Солонгосын Чэжу арлын "жоран мали" хэмээх адуунд, Энэтхэг-Хятадын хойг, Малайзын адуунд хүртэл цусаа шингээсэн гэж үзжээ. Орчин үеийн адууны зэрлэг уг удам нь манайд одоогийн үе хүртэл амьдарч байгаа Монголын тахь гэж үздэг билээ. Хойт Америкаас 650-иад мянган жилийн тэртээ үеийн адууны чулуужсан яс олдсон нь Азиас очсон адууных болохыг тогтоожээ.


Монголын говь дахь мазаалайн хувь тавилан

Дэлхий дээр зөвхөн Монголд л байдаг, говийн баавгай буюу мазаалай жилээс жилд үхэж хорогдсоор одоо 10 гаруйхан тоо толгой л үлдээд байна.
Өвөлдөө ичдэг энэ амьтан жилд нэг удаа төллөхдөө ганц л бамбарууш гаргадаг аж. Монгол орны эрс тэс уур амьсгал, байгаль экологийн тэнцвэрт бус харьцааны нөлөөгөөр устаж үгүй болж буй баавгайны энэ төрлийг хамгаалахад анхааран олон улсын байгууллагууд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч нааштай үр дүнд хүрч чадахгүй байгаа юм. Бажууны үндэс, зээргэнэ, хармаг жимс болон мэрэгчид, хэвлээр явагчид, хорхой шавьжаар хооллодог энэ амьтны иддэг ургамал, шавьжууд байгальд ховордсоноос мазаалай өлсөж үхэх нь элбэг болжээ. Түүнийг аврахын тулд янз бүрийн тэжээлүүд орлуулан тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн тэжээлд ам хүргэдэггүй байна.
Говь цөлийн амьдралд зохицсон шалмаг түргэн хөдөлгөөнтэй, мохоо бахим хумстай, ойн хүрэн баавгайг бодвол биеэр жижиг, цайвардуу буурал үстэй, онигордуу нүдтэй энэ амьтан Монгол Алтайн цаад говийн Сэгс цагаан богд, Эхийн гол, Шар хулс, Цагаан бургас, Ламын тооройн шандууд, зэрэг газарт тархан амьдардаг юм.


1939 оноос хойш 30-аад мянган хүнийг цагаатгажээ

Монгол Улс 1939 оны дөрөвдүгээр сараас хойш өнөөг хүртэл 29 мянга 878 иргэнээ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнийг нь тогтоож, цагаатгасан байна.
"Их хэлмэгдүүлэлтийн" хэмээн түүхэнд нэрлэгдсэн 1939 онд улс төрийн болон шашны өндөр албан тушаалтан, тэдний удирдлаган дор ажиллаж байсан гүйцэтгэх ажилтан, энгийн иргэдийг "улс төрийн шалтгаанаар" олноор нь буруутган цаазалж, биеэр нь хүнд ял эдлүүлсэн билээ. Дээрх 30-аад мянган хэлмэгдэгчийн 80-аад хувь нь 1939-1945 он хүртэлх их хэлмэгдүүлэлтийн жилд буруутгагдсан хүмүүс байна. Монгол Улс ардчилсан нийгмийг тунхагласан 1990-ээд оноос хойш төр засаг өнгөрсөн түүхийн бараан хуудсуудыг олон нийтийн өмнө дэлгэж ард түмнээсээ уучлал гуйснаар цагаатгах ажлыг эхлүүлж улмаар тус ажлыг эрхэлсэн Засгийн газрын комисс байгуулагдан ажилдаа орсон билээ.
Энэ онд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдсаны 20 жилийг ой тохиох аж. Тиймээс ойн хүрээнд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа олон нийтэд тайлбарлаж таниулах, сурталчлах хүрээнд тэмдэглэж зохион байгуулах нь зүйтэй гэж албаны хүмүүс үзэж байна


Их хааны ордныг Хөдөө арлаас илрүүлжээ

Монгол-Японы хамтарсан "Шинэ зуун" төслийн хүрээнд хийгдсэн археологийн судалгаагаар 13-р зууны үеийн Монголын нийслэл хотын туурийг илрүүлсэн байна. Чингисийн Аураг орд буюу Аврага хот хэмээн түүхийн эх сурвалжуудад дурдагддаг энэ хосгүй чухал байгууламжийг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Хэрлэнгийн хөдөө арлын орчмоос олжээ. Мөн энд төмөрлөгийн үйлдвэр байсан тогтоцыг илрүүлсэн нь дэлхий дахинд шуугиан тарьж мэдэхээр байна.
Найман зууны тэртээ их хаан өргөөгөө засаж их цэрэг өртөөлөн буудаллаж байсан ор мөр үнэр ч үгүй эдгэсэн энэ газрын элгэнд Чингисийн Аураг орд түүхийн он дарааллын бичээсээ нууцлан оршиж байгааг хамгийн орчин үеийн металл хайгчаар хийсэн геофизикийн судалгаагаар тогтоосон байна. Уг газрыг манай нэрт археологич Х.Пэрлээ агсан 1960-аад оны үед судалж энд төмөрлөг боловсруулдаг үйлдвэр байжээ гэсэн таамгийг дэвшүүлж байсан байсан гэнэ. Аураг ордны нийт талбайн хэмжээ 1200*400 метр орчим ажээ. Мөн энд хоёр давхар хэрэм бүхий томоохон байгууламж байгаа нь түүхийн гурван чухал үед буюу Чингисийн, Өгөөдэйн, Юань гүрний үед хамаарагдаж байгаа юм байна.

Б.Занданхүү
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш