logo
Эрхэм гишүүний эрэл /Хошин өгүүллэг/

Эрхэм гишүүний эрэл /Хошин өгүүллэг/

2012/06/25
Их хурлын гишүүнийг эрэх удаа байдаг. Гэвч эрэл хялбар, түвэггүй болно. Гар утас руу нь залгана. Хариу өгөхгүй бол тэнд байгаа гэсэн газар луу нь бие төлөөлөгч, унаа явуулна.

Эрхэм гишүүн .......................... бол казинод тоглож байна.
Эрхэм гишүүн .......................... бол бааранд суугаад ууж байна.
Эрхэм гишүүн .......................... бол авгайнхаа нэр дээр болгосон компанийн цаад өрөөнд мөнгө тоолж сууна.
Эрхэм гишүүн .......................... бол нөгөө гишүүнээ мөрдөн гаалийн байцаагчтай уулзаж байхад нь хаалганы цаанаас чагнаж зогсоно.
Эрхэм гишүүн .......................... бол хаанаас ч олдохгүй удаа байна.
Харин тэр нэг өдрийн хуралдаан дээр бүх гишүүд байх шаардлагатай болов. Гэтэл эрхэм гишүүн .......................... нь алга.

Гар утас, дотуур утас, тагнуулын утас, сансрын холбоо ер нь чихээрээ сонсож, амаараа ярьж болох бүх юмаар холбоо барих гэж оролджээ.

Төр засгийн мэдэлд байгаа дөрвөн дугуйтай бүхнийг ийш тийш давхиулав. Өөр цагт бол “Хэдэн өдрийн дараа хүрээд ирнэ” гээд орхичих байлаа. Энэ удаа онцгой зүйл хэлэлцэж батлах болжээ.

Цагаа болохоор улсын том хэрэг зөвхөн нэг хүн, тэр тусмаа түүний нэг муу долоовор хуруунаас шалтгаалах болжээ. Өөрөөр хэлбэл зөвхөн нэг саналаар асуудал шийдэгдэх магадлал гарсан гэнэ.

Эрх мэдэл, албан тушаал, цалин пүнлүү, унадаг машин, нарийн бичгийн дарга бүсгүй дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байв.

-Ингээд алга болчих байсан юм бол тэр мууг хэрэггүй их хурлын гишүүнээр сонгуулжээ. Уул нь робот шиг л байсан юмсан. Яаж томрох нь энэ вэ гэж намынх нь дарга уурлав. Эцсийн эцэст бүх гэмийг нэг хүнд тохох хэрэгтэй боллоо. Тиймээс эхнэрт нь бурууг тулгаж,

-Чи нөхрөө яагаад чуулганд суулгуулаад байж чаддаггүй юм бэ? Энэ янзаараа байх юм бол манай намын бүлэг хэлэлцээд гишүүндээ өөр авгай авч өгье. Манай намд чамаас царайлаг бүсгүйчүүд зөндөө бий гэж омогдлоо. Айсан бүсгүй:

-Би чуулгандаа суухыг шаарддаг л даа. Тэгэхээр тэр манай намын лидерүүд “Дуртай бол уу, зугаал! Тэр бүү хэл хэрэг хийсэн ч болно. Гол местнүүд дээр өөрийн хүмүүс байгаа болохоор суга татаад хун шиг цагаан болчихно. Хамгийн гол нь намын юу хий л гэснийг хийж бай гээд байдаг гэж уйлагналаа”.

-Нөхөр чинь ойрын үед хаачна гэж байсан?
-Ойрын үед дуугарахаа больчихсон. Учрыг асуухаар намын дарга эхнэрүүдээр дамжин нууц задарч байна. Авгайтайгаа юу ч ярьж болохгүй гэсэн бичиг өгсөн гэж өөдсийн чинээ цаас үзүүллээ.

Дарга хүн ямар ч юмыг бусдад муйхраар тулгах арга барилтай байдаг. Намын удирдагч энэ аргаа хэрэглэж:

-Үдээс өмнө ямар ч байсан нөхрөө ол! Эс тэгвэл гишүүнийхээ эхнэрээс огцруулна гэж зандарлаа. Айсан эхнэр бэмбэгнэж байснаа,

-Уул нь нэг юм бий л дээ гээд хиймэл гар гаргаж ирлээ.

-Энэ чинь юу юм бэ?
-Манай нөхөр миний шийдэх юм алга. Тэнд сууж байх уйтгартай юм. Манай намын удирдлага хэрэгтэй үед хэрэгтэй товчинд дээр үүгээр дарчихаж байна биз гээд хийлгүүлсэн юм гэлээ.

Оргүйд орвол охинтой гэгч болов. Тэр гарыг аваад давхицгаалаа. Санал хураалтай үеэр түүгээр товчлуур дарах гэтэл сөрөг хүчнийхэн:

-Толгойгүй гар их хурлын гишүүнийг төлөөлөх ёсгүй гэж эсэргүүцлээ.
-Хурууны хээ нь адилхан байгаа болохоор манай гишүүний гар гэдэгт маргаан байхгүй. Нэгэнт манай гишүүн болохоор намынхаа саналыг дэмжинэ гэж нөгөө тал маргав. Ингээд эцэс төгсгөлгүй сунжирсан маргаан үргэлжиллээ. Яг энэ үед намын даргын гар утас жингэнэлээ. Хэн нэгэн хүн:

-Танай гишүүнтэй адил хүн нүхэнд уначихаад байна. Нэрийг нь асуухаар намын бүлгийнхэнтэйгээ зөвшилцөж байж хэлнэ гээд байх юм гэлээ. Гар утас гар утас луугаа залгагдаж, хар машин заасан газар луу давхилаа.

Ш.Цэнд-Аюуш
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш