Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч албан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Сүүлийн үед Монголын олон нийтийн хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр Монголд байгаа гадаадын ажилчид, түүний дотор хятад ажилчдын тоо эрс нэмэгдэж, үүнд Гадаад харилцааны яам буруутай мэтээр бичиж байна. Гадаад харилцааны яам, Дипломат төлөөлөгчийн газрууд гадаадын иргэдэд виз олгохдоо Монгол Улсын Их Хурлаас 2010 оны долдугаар сарын 08-ны өдөр батлагдсан Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын 2010 оны 338 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ыг чандлан мөрдөж олгож байгаа бөгөөд Монголд байгаа гадаадын иргэдийн тоо хуулинд заасан хэмжээнээс хэтрээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Олон нийтийн хэвлэл мэдээлийн хэрэгслүүд гадаад харилцаа, түүний дотор иргэдтэй холбоотой асуудлаар мэдээ, мэдээлэл гаргахдаа ГХЯ-ны Олон нийттэй харилцах газартай хамтран ажиллаж, мэдээний үнэн зөвийг нягталж байхыг анхааруулж байна” гэжээ.