logo
Санал тооллогын дүнг хүлээн зөвшөөрөхгүй бол зурган файлыг нь авч болно

Санал тооллогын дүнг хүлээн зөвшөөрөхгүй бол зурган файлыг нь авч болно

2012/06/27
Сонгуулийн Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс сонгуулийн бэлтгэл ажлын талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Маргааш сонгуулийн өдөр. Тэр ч утгаараа сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр гээд нэр дэвшигчид сурталчилгаагаа идэвхжүүлэх боллоо. Үүнээс гадна нэр дэвшигчдийг тойрсон нэлээд олон маргаан гарч байна. Эдгээр асуудалд СБХ ямар байр суурьтай байгаа вэ?

-Сурталчилгаатай холбоотой гомдлыг тойргийн хороод нь авч хэлэлцээд, тухай бүрт нь шийдвэрээ гаргаад явж байгаа.

-Гэхдээ зарим нэг нэр дэвшигчийн хувьд тойргийн хороондоо гомдол өгсөн ч шийдвэрлэхгүй байна гэдэг шүүмжлэлийг хэлэх боллоо. Энә нь ямар учиртай юм бэ?

-Магадгүй тойргийн хороонд гомдлоо өгсөн ч хуулийн хугацаанд шийдвэрлэж өгөхгүй байгааг ярьж байж болно. Нөгөө талаар шүүхэд хандлаа гэсэн мэдээлэл ирж байгаа ч албан ёсоор манайд ирсэн зүйл одоогоор алга байна.
 Хэрвээ тойргийн хорооны гаргасан шийдвэрийг хүлээж авахгүй гэж үзэх ч юм уу, аль эсвэл нэр дэвшигчийн үйл ажиллагаа буюу бүртгэсэнгүй гэдэг гомдол гаргавал манайд ирүүлэх боломжтой. Ерөнхийдөө мөнгө тараасан, хууль бус сурталчилгаа хийсэн гэдэг гомдол зонхилж байна.

-Ингэхэд сонгуулийн сурталчилгааны материалуудад СЕХ-ноос хэр зэрэг хяналт тавьж байгаа вэ?

 -Маш олон шугамаар хянаж байгаа. СЕХ, мэдээлэл харилцааны агентлаг болон улстөрийн нам хүчнүүд бүгд хяналт тавьж байгаа. СЕХ- ны дэргэд хэвлэл мэдээллийн зөвлөлөөс СЕХ-нд оруулж ирсэн санал дүгнэлт одоогоор алга. Хуулийн байгууллага ч өөрсдөдөө хамааралтай мэдээллийн араас хяналттай ажилласан.

-Зарим хэсгийн хорооны саналын дүнг яаж зөөвөрлөх вэ. Сүлжээний асуудалтай газар байгаа байх?

-400 гаруй хэсэг сүлжээгүй байна гэсэн мэдээлэл ирж байна. Сүлжээгүй ч гэсэн сонгуулийн санал өгөх хуваарийн дагуу өгч, 20.00 цагт дуусгана. Сүлжээгүй хэсгийн хорооны саналыг тоолж, битүүмжлээд дүн мэдээгээ зөөвөрлөж, сүлжээтэй газар хүргүүлнэ.

-Зөөвөрлөх ажиллагааг хэрхэн явуулах вэ?

 -Багаас сум, сумаас аймагт ирнэ. Ингээд аймгийн тойргийн хороод манайх руу явуулна. Жишээ нь хоёр мандаттай аймагт 10 хүн өрсөлдсөнөөс эхний хоёр нь манай тойргийн хорооноос гарсан гээд явуулна.

-Санал авах үед автомат машин эвдрэх, тог тасрах зэрэг нөхцөл байдал үүсвэл яах вэ?

 -Нөөц батарейтэй учраас санал тоолох машин тог тасарснаас хойш 13 цагийн дотор ажиллах боломжтой. Харин санал тоолох машин эвдэрсэн тохиолдолд санал тоолох машины лацыг онгойлгоно. Түүнээс бусад тохиолдолд санал тоолох машиныг онгойлгохгүй. Хэрэв санал тоолох машин эвдэрсэн тохиолдолд гараар тоолох ажиллагаанд орно гээд хуульд маш тодорхой заачихсан байгаа шүү дээ.

-Санал авах байрууд бүрэн камержсан уу?

 -Нийслэлийн санал авах байрууд бүгд камержсан ч тодорхой шилэн кабелгүй, камержуулах боломжгүй хэсгийн хороо бий.

-Сонгуультай холбогдолтой мэдээллийг цаг тухайд нь хүргэх үү?

-Зургаадугаар сарын 28-ны өдөр 11.00, 16.00, 20.00 гэсэн цагуудад мэдээг нэгтгэж нийтэд мэдээлнэ. СЕХ-ны байранд нэгтгэсэн мэдээллийг өгнө. энэ удаа- гийн сонгуульд санал авах, тоолох автомат машин хэрэглэж байгаа учраас мэдээллийг 1905 хэсгийн хорооноос авна. 1905 хэсэг мэдээллээ, 20.00 цагт санал хураалт дуусангуут дамжуулна. Гэхдээ 1905 хэсэгт 2446 машин байгаа. Бид 23 туршилт хийсэн. Туршилтын дүнд бүх машинууд мэдээллээ дамжуулна. 400 гаруй машинаас мэдээ хурдан авч чадахгүй байна. Үүрэн телефоны сүлжээ хүрээгүй сум, багууд байгаа учраас мэдээлэл удаж ирнэ. Тэд сүлжээтэй газар очиж мэдээллээ дамжуулна. Урьдчилсан дүн 29-ний үүрээр гарах байх.

-Машин саналын тоог зөв гаргаж байгааг шалгах арга байгаа юу?

-Санал тоолох машинуудад ТЕГ, СЕХ-ны мэдээллийн төв, Мэдээлэл шуудан харилцаа холбооны агентлагийн мэргэжлийн хүмүүсийн төлөөлөл орсон тусгай ажлын хэсэг бүх программ хангамжийг шалгаж гэрчилгээжүүлсэн.
Бүх шалгуурыг давсан. Машин тус бүр дээр шалгалт явагдсан. 500 саналын хуудас тутмаас нэг саналын хуудас авч тестийн шалгалтад оруулсан. 23- ны өдөр буюу 1905 хэсгийн хороонд очсоны дараа дахин шалгалт хийгдсэн. Даамлууд шалгалт хийсэн мэдээгээ СЕХ-ны төв серверт ирүүлсэн. Албан бусаар бас шалгалтад орсон.

-Санал тоолох машинд итгэж болно гэсэн үг үү?

-Санал хураалт дууссаны дараа, нам эвсэл, бие даагчийн ажиглагчид тэр машинд байгаа зурган файлыг авч болно гээд хуулиндаа заачихсан. Саналын хуудас тус бүрийн зурган файлыг авч болно. Энэ зурган файлаа аваад машинаас гарсан үр дүнтэй тулгаж үзэж болно.

Б.Туяацэцэг
Эх сурвалж: "Өглөөний сонин" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш