logo
''Эрдэнэс Тавантолгой''-н хувьцаа авах эрхтэй компаниа зарвал буруудна

''Эрдэнэс Тавантолгой''-н хувьцаа авах эрхтэй компаниа зарвал буруудна

2012/06/27
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг аж ахуйн нэгжүүдэд худалдах ажиллагаа энэ сарын 30-нд дуусна. Энэ ажил хэрхэн явагдаж байгаа талаар Татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэлтсийн дарга С.Туултай ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар хэдэн аж ахуйн нэгж “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа авахаар хүсэлтээ илэрхийлээд байгаа вэ?

-Одоогоор “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдаж авахад үндсэндээ тав хоног үлдээд байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ сарын 30-ны өдөр энэ ажил тасалбар болох ёстой. Гэхдээ зургаадугаар сарын 30-ны өдөр хагас сайн өдөр таарч байгаа учраас энэ өдөр банк болоод Татварын газрууд бүгд ажиллана. Өнгөрсөн хагас, бүтэн сайн өдрүүдэд мөн ажилласан байгаа. Ирүүлсэн хувьцааны 65 сая ширхгийн захиалгыг Татварын албанд авчихаад байна. Харин орсон мөнгөний тухайд яг одоогийн байдлаар 4.3 тэрбум төгрөг төвлөрөөд байна. Энэ нь 1560-аад аж ахуйн нэгж байгууллага захиалгаа өгөөд мөнгөө төлчихсөн байгаа гэсэн үг юм.

-Үндэсний аж ахуйн нэгжүүд ер нь хувьцаа худалдаж авах талаар хэр хандаж байна. Тав хоногийн дараа хувьцаа худалдах асуудал бүрэн зогсоно ш дээ?

 -“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг аж ахуйн нэгж байгууллагад худалдах асуудал хамгийн сүүлд өнгөрсөн сарын 28-нд Засгийн газрын 181 дүгээр тогтоол гарсан өдрөөс хойш хэрэгжүүлсэн. Тэгэхээр бүтэн сарын хугацаанд хэрэгжүүлсэн гэж ойлгож болно. Манай байгууллагын тухайд бүхий л арга хэмжээг авч ажилласан. Өөрөөр хэлбэл татвар төлөгчид маань хүсэлтээ гаргаад авъя гэвэл нь хөнгөн шуурхай үйлчлэх, будилахгүй байх талаас нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажилласан. Сүүлийн арав хоногийн хугацаанд Татварын байгууллага амралтгүй ажиллаж байна. Энэ ажлыг манай бүх ажилтан хийхгүй байгаа. Ганцхан тухайн аймаг орон нутгийн Хураалтын хэлтсийн тасгийн дарга нар гардаж хийсэн. Яагаад ингэж зохицуулсан гэхээр хэн нэг байцаагч дээр очиж цаг уяхгүйгээр зөвхөн нэг хүн дагнан хийж байхаар зохицуулсан. Ийм маягаар зохион байгуулсан учраас татвар төлөгчдөөс ямар нэгэн гомдол гараагүй. Ер нь бид энэ талаар ихээхэн ярьж, хэлж, тайлбарлаж байгаа ч гэсэн сонсож дуулаагүй хүмүүс их байгаа учраас зурагтаар туузан реклам явуулж байна. Ингэснээр сүүлийн үед бидэнд хандах хүмүүсийн тоо эрс ихэссэн. Өдөрт орж байгаа мөнгийг бид Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөс авч байгаа. Тийм болохоор үлдэж байгаа энэ хугацаанд захиалгаа өгсөн 65 сая ширхэг хувьцааны мөнгөө тухайн аж ахуйн нэгж байгууллага оруулна байхаа гэж бодож байна. Өөрөөр хэлбэл долоодугаар сарын нэгнээс өмнө.

-“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа зарсан энэ мөнгийг “Хүний хөгжлийн сан”-д төвлөрүүлж иргэдэд өгөхөд зориулж хуримтлал үүсгэж байна гэж ойлгож байгаа, энэ ер нь зөв үү?

-Үгүй шүү, наадах чинь буруу ойлголт байна. “Хүний хөгжил сан”-гийн үлдээд байгаа 23 мянган төгрөг буюу 500 мянган төгрөгөө аваагүй хүмүүсийн эцсийн тасалбар нь зургаадугаар сараар дуусгавар болно ш дээ. Өмнөх Засгийн газрын амлалт үүгээр дуусч байгаа юм. Энэ бол тусдаа. Энэ бол “Хүний хөгжил сан”-гийн улсын төвлөрсөн төсвийн орлогыг бүрдүүлж байгаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувиар бүрдүүлж байгаа ийм сан. Үүнээс өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл ашигт малтмалаас олж байгаа орлогын 70 хувиар “Хүний хөгжил сан” бүрдэж байна гэж ойлгож болно. Харин одоо өгөх гэж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын худалдаж аваад байгаа хувьцааны мөнгө бол нэг сая төгрөгөө авъя гэж захиалгаа өгсөн хүмүүст олгох мөнгө юм.

-Сүүлийн үед зурагт болоод иргэдийн мэйл хаягаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа авах эрхтэй компани зарна гэсэн зар их ирж байна. Энэ зөв үү, ямар нэг байдлаар сөрөг үр дагавар гарах уу, үүнээс үүдээд?

-2010 онд УИХ-ын 39 дүгээр тогтоол батлагдсан. Тухайн үед 39 дүгээр тогтоолын 2-ын б-д “үндэсний аж ахуйн нэгж байгууллагад 10 хүртэлх хувийг худалдана” гэж заасан байдаг. Энэ тогтоол гарсны дараа хүмүүс ихээр компани болоод аж ахуйн нэгжээ бусдад худалдах тухай асуудал яригдаж байна гэсэн мэдээллийг бид сонсож байсан. Яг нэгээс нөгөөд худалдан борлуулж, шилжүүлсэн асуудлыг бид хийж байгаагүй. Одоогийн төрөөс аж ахуй нэгжид өгөөд байгаа энэ хувьцаа маань тухайн аж ахуйн нэгж Татварын албанд нь бүртгэлтэй өөрийн нэрээрээ хувьцаа худалдаж авсан нь л бол дараа нь өөр компанид зарж болохгүй. Хэрвээ ийм байхад өөр компани худалдаж авсан бол тухайн аж ахуйн нэгж байгууллага өөрөө хохирно. Яагаад гэхээр долоодугаар сарын нэгнээр хувьцаа худалдах ажил дуусгавар боллоо танайхаас 36 мянган ширхэг хувьцаагаа худалдаж авъя гэхэд Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв дээр нөгөө аж ахуйн нэгж маань өөрийнхөө нэрээр бүртгэгдсэн байгаа учраас өөр компани авъя гэхэд нэр болоод бусад бүх зүйл нь зөрнө. Хэрвээ буцааж авах асуудал байх юм бол Засгийн газар л худалдаж авна. Энэ асуудал хоёр дахь зах зээл нээгдтэл хаалттай гэсэн үг. Хэрвээ хоёр дахь зах зээл нээгдчихвэл хэн ч хаана ч худалдаж болох байх гэж бодож байна. Энэ асуудлыг өөр холбогдох хүмүүс нь илүү сайн хариулах байх. Ер нь бол энэ компанийн хувьцааг худалдаж авна гэдэг хувь хийгээд аж ахуйн нэгжид их хэрэгтэй зүйл юм.

-Энэ асуудлыг их улс төржүүлж байна ш дээ. Янз бүрээр л хүмүүс ярьж, тайлбарлаж байх шиг байна?

-Харин тийм. Энэ талаарх мэдээлэл Татварын 31 албанаас маань бидэнд ирж байна. Энэ бол улс төрийн шоу гэж ярьж байна гэсэн. Үүнд ямар ч улс төрийн шоу байхгүй. Өөрөөр хэлбэл өнөөдөр төр уул уурхайн том компанийнхаа өөрийн мэдлийн хувьцаагаа иргэддээ үнэгүй өгч байна. Аж ахуйн нэгж байгууллагадаа худалдаж байна. Ингэснээрээ иргэд хийгээд аж ахуйн нэгж байгууллага өөрөө өөрсдөө тухайн уурхайдаа хяналт тавиад эхэлнэ. Яагаад гэвэл тэд эзэн нь болж байгаа учраас. Хоёр дахь зах зээл нээгдсэний дараа өндөр үнээр гадаадын байгууллагад зарчихаар манай улсын үндэсний эрх ашиг алдагдаад ирэх учраас аль болох аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдөө үүнийгээ хянаж, өөрсдөө эзэн нь болж, өөрсдөө ашгийг нь хүртээд суух ёстой юм, иргэн аж ахуйн нэгж аль нь ч ялгаагүй. Гэтэл өнөөдөр үүнийг аль нэг нам нь улстөржүүлснээс захиалгаа буцаах асуудал гарч байна.

-Ер нь аж ахуйн нэгжид нийт хэдэн ширхэг хувьцаа борлуулахаар заасан байгаа вэ?

-Хамгийн дээд тал нь 36240 ширхэг хувьцаа зарна. Нийт нэг тэрбум 500 сая ширхэг хувьцаа байгаа. Нийтдээ 15 тэрбум ширхэг хувьцаа байгаагийн 10 хүртэлх хувийг нь аж ахуйн нэгж байгууллагад худалдана гэж байгаа учраас дээр хэлсэн нэг тэрбум 500 сая ширхэг болж байгаа юм. Тэгээд түүнийгээ компанидаа хуваахаар 36240 ширхэг болж байгаа.

-Нэгтолгой компани бүхий олон охин компанитай компаниуд хувьцаагаа яаж авах вэ? Зөвхөн 36240 ширхэг хувьцаагаа л авах уу?

-Нэг толгой компани доороо 50, 60, 70 охин компанитай байж болно. Аж ахуйн нэгжийн гэрчилгээтэй тамга тэмдэгтэй байгаа учраас энэ нь биеэ даасан хуулийн этгээд гэсэн үг. Толгой компани бол охин компаниудаа бодлогоор зангидаж үйл ажиллагааг нь хянаж явдаг болохоор тухайн охин компани хуулийн өмнө яг адил тэгш эрхтэй. Тийм учраас өөрсдөө хувьцаагаа авна гэсэн үг.

-Яг одоогийн байдлаар нэг тэрбум 500 сая ширхэг хувьцаанаас хэд нь зарагдаад байгаа вэ? Хэрвээ хувьцаа зарагдалгүй үлдчихвэл яах вэ?

-Хэд зарагдаад байгааг одоо хэлж чадахгүй. Хэрвээ үлдвэл яахыг бид хэлж мэдэхгүй байна. Засгийн газар л шийднэ. Энэ чинь Засгийн газрын хөрөнгө шүү дээ. Манайх бол хуулийг л хэрэгжүүлдэг байгууллага.

Б.Анар
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш