logo
Өсвөр насныхан хар тамхи сонирхох болов

Өсвөр насныхан хар тамхи сонирхох болов

2012/06/27
Жил бүрийн зургадугаар сарын 26-ний өдрийг дэлхий нийтээр хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэ аюул манай улсад аль хэдийн нэвтэрсэн төдийгүй өсвөр насныхан сонирхох болсныг мэргэжилтнүүд анхааруулж байна. Хар тамхи мансууруулах бодист ихэвчлэн өвсөр насныхан автах болов гэсэн баримт ч байгаа юм.
Сүүлийн жилүүдэд Монгол Улс энэ өдөр олон ажил зохион байгуулах болсон. Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг /ХТМБИХН/ 13 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Тус байгууллага нь иргэдэд хар тамхины талаарх сургалт болон судалгаа, сурталчилгаа хийдэг. ХТМБИХН-ийн судалгаагаар 100 мянган хүн тутмын 2700 нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлдөг эм, бэлдмэл, бодис хэрэглэдэг, 21800 хүнд хэрэглэх санал тавьсан байх магадлалтай гэжээ. Мөн мансуурагчдын 63 хувь нь ууж, 18 хувь нь татаж, долоон хувь нь үнэрлэж, 12 хувь нь тарьж хэрэглэдэг. Судалгаанд хамрагдагдсан 18-24 насны залуусын 36 нь каннабис, 18 нь экстази хэрэглэж үзсэн гэж хариулжээ.
Хар тамхи хүний бие махбодид маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг. Хар тамхи татаж мансуурсан үедээ гэмт хэрэгт холбогдох, амиа хорлох гэм мэт аймшигт үйлдэл хийдэг. Манай улсын хувьд хар тамхи мансууруулах бодис хэрэглэгчид жил ирэх тусам нэмэгдэж тэр тусмаа нас нь залуужиж байгаа нь өнөөгийн тулгамдсан асуудлын нэг болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гарган "Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх" тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг томилсон юм. Уг Ажлын хэсгийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЦЕГ, ЭЦГ-аас хамтран өнгөрсөн дөрөвдүгээр сард "Хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн ялын бодлого" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн ялын талаар хэлэлцэн энэ төрлийн гэмт хэрэгтэй холбогдсон хэнийг ч өршөөхгүй хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ хэлэлцүүгийн үр дүнд хар тамхи, мансуурах бодистой тэмцэх хууль санаачлах ажлын хэсэг байгуулан ажлаа эхлүүлсэн. Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх шинэ хууль гарснаар энэ төрлийн гэмт хэрэг буурна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Харин иргэн та ухамсартай байж, аймшигт донтолтоос өөрийгөө сэргийлж, мөн бусдад ойлгуулж таниулах нь бидний ирээдүй, улс орны эрх ашигт нийцэх иргэн хүний ариун үүрэг, хариуцлага гэдгийг ухамсарлах ёстой.
Д.Өлзий 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш