logo
“Амьд үхдэл” болохыг хэн ч хүсэхгүй

“Амьд үхдэл” болохыг хэн ч хүсэхгүй

2012/06/28
“...Хэсэг хугацаанд энгийн хүний амьдралаар амьдарч эхнэр, хүүхэдтэй болсон. Гэхдээ өмнө татаж байсан болохоор яалт ч үгүй үгүйлээд байдаг юм. Цаг ямагт хар тамхи бодогдоод байж суух газраа олж ядна. Хар тамхинаас авдаг байсан мэдрэмжээ санагалзаад, тэгээд л хар тамхины эрэлд гарсан...” гэж ярих залуу мансууруулах бодис хэрэглээд 10 гаруй жил болжээ. Анх Германд сурч байхдаа татаж үзсэн тэрбээр өөрийнхөө амьдралыг хар тамхиар сольсон нэгэн. Амьдралынхаа цаг, минут, секунт бүрийг мансуурлын төлөө зориулж, өөрийнхөө залуу насыг хөсөр хаясан. “...Мэдээж сайхан мэдрэмж төрүүлдэг болохоор л хүмүүс амьдралаа золиослоод хөл, толгойгоо алдан орж байгаа шүү дээ. Би гэр бүлээ бус хар тамхийг сонгосон. Ер нь ч хар тамхичдын дийлэнх нь гэр бүлгүй, ганцаараа амьдардаг хүмүүс...” гэж түүнийг онцлохыг сонсоход харамсах сэтгэл төрөх ч, нөгөө талаар өрөвдөх шиг. Сүүлийн жилүүдэд түүн шиг амьдралаа золиослосон хүмүүс манай улсад ихээр нэмэгджээ. 1999 онд 45 хэрэглэгчтэй байсан бол өнөөдрийн байдлаар 561 болсон.

“...Миний мэдэх 100 гаруй хүн хар тамхи болон мансууруулах төрлийн тариаг тогтмол хэрэглэдэг. Гаръя гэхээр биднээс үнэхээр их тэсвэр тэвчээр, шаардана. Тархинд голомт үүссэн учраас байнга нэхдэг. Зевхөн сэтгэхүй биш бие эрхтэн бүгд нэхээд, тайван байлгадаггүй..." гэж ярих бүсгүй хэрэглэгч болоод 15 жил өнгөрчээ. Тэрбээр өөрийнхөө энэ тавилантайгаа бүр эвлэрчихэж. “Над мэт байтугай дэлхийн тэрбумтан, одууд хар тамхинаас болоод хоосорч амьд үхдэл болж байгааг харж байгаа биз дээ. Үнэхээр хэн ч биш болгодог юм. Амьдрах хоногийн тоо өдрөөс өдөрт цөөрч үхэл ойртож байгааг мэдэрдэг ч би юу ч хийж чадахгүй болтлоо донтсон” гэж ярилаа.

“Гарч чадахгүй, чадахгүй, чадахгүй. Би донтсон, донтсон, донтсон” гэж хэлэхээс өөр зүйл мэдэхээ байсан бүсгүй зөвхөн өдрийн 40 грамм тарианыхаа төлөө юу ч хийхээс буцахгүй. “Хар тамхи хэрэглэхэд их мөнгө хэрэгтэй. Бид үргэлж ивээн тэтгэгч хайж байдаг. Хар тамхичид хүнээр эм тариагаа авахуулахын тулд бусдыг татан оруулдаг” гэсэн юм Нэгэнт ийм болчихсон хүмүүстэй цагдаа нар зууралдаад үр дүн гарах болов уу. Хар тамхинд донтоно гэдэг нь өвчин.

Нэг хэрэглээд больдоггүй, дахин дахин хэрэглэх хүсэл төрсөөр нэг л мэдэхэд донтогч болдог байна. Ертөнцөд ямар муухай зүйл байна тэр бүгд хар тамхийг дагадаг аж. Бие сэтгэл нь мансууруулах бодис шаардаад ирэхээр тэд юу ч хийхээс буцахгүй болтлоо донтсон байдаг байна.

“Чиний өмнө сууж байгаа ч би амьд үхдэл. Хар тамхийг хууль бус бүх үйлдэл дагадаг болохоор яаж ийж байгаад мөнгө олдог л юм даа. Одоо миний амьдралын утга учир хар тамхи болсон. Тиймээс би үүний төлөө юу ч хийхэд бэлэн” гэж ярих хүмүүсийн тоо эрчимтэйгээр нэмэгдэж байна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь нийгмийн эрүүл мэндэд нөхөж баршгүй хор хохирол учруулахаас гадна зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэх томоохон шалтгаан болдог. Тиймээс жил ирэх бүр нас нь залуужиж буй хар тамхи хэрэглэгчдийг хэрхэн хамгаалах вэ. Өвчний улмаас эсвэл найзууддаа уруу татагдан цагаан тахалд орох эрсдэлээс иргэдээ хэрхэн сэргийлэх вэ. Хэн ч өөрсдийгөө дээрх хүмүүс шиг болгохыг хүсэхгүй нь лавтай. Нэг л мэдэхэд донтон болж, амьдралынхаа утга учрыг хар тамхиа болгосон иргэд жилээс жилд нэмэгдсээр... Олон олон залуу гэр бүлээ хаян, хууль бус үйлдэл рүү шургасаар...

Э.Энхцолмон
Эх сурвалж: "Нийгмийн толь" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш