logo
Дурлахгүйгээр үнсэлцэгсэд буюу

Дурлахгүйгээр үнсэлцэгсэд буюу "эмэгтэй цамц"-ны дэндүү давчуу хувь заяа

2012/06/28
Ажилтай орлоготой, эрүүл Монгол хүнийг бид төрүүлнэ хэмээн төр засгийн уриа лоозон хаа сайгүй тархаж, нийгмийн муу муухайг арилгахын төлөө ажиллахаа амласан нөхдүүд сонгуулийн шоуг Монгол орон даяар тултал нь хийж байна. Тиймээ бид ч тийм л нийгмийг хүсч байгаа. Учир нь өнөөгийн нийгмийн бодит төрх нь ажил орлого, амьжиргааны түвшин доогуур өлөн ходоодтой иргэдээр дүүрэн байгаа учраас тэр. Архидалт, авлига хээл хахууль, гуйлгачлал нийгмийг донсолгож олдож байгаа ганц юм нь балга тагш юм байгаа учраас архины лүү болсон нөхдүүд нийгмийг бүрхэж байгаа. Эдний ихэнх хувь нь эрчүүд. Эрээн нийгмийн бараан амьдралыг нөгөө талаас нь ажиглавал архидалтаас гадна мөнгө олж амьдралаа өөд нь татах гэсэн эмэгтэйчүүдийн хэсэг бүлэг байна. Энэ удаад мөнгөгүй бол өлбөрч үхэж мэдэхээр энэ нийгмийн нэгэн бараан сүүдэрт талхлагдаж яваа “шөнийн эрвээхий”-нүүдийн талаар хөндөхийг хүслээ.

“Монгол эмэгтэй бүр биеэ үнэлэгч, монгол машин бүр такси” энэ үг өмнөд хөршид хэлц үг шахам болтлоо тархжээ. Энэ үгийг сонссон монгол хүн эгдүүцэн цөсөнд нь шар ус хурж байхад нөгөө хэсэг нь энэ үг хөдөлшгүй үнэн үг хэмээн хэнэг ч үгүй ярихтай ч таарч байлаа. Хуучин Монгол ёсонд монгол эмэгтэйн цэвэр ичимтгий ааш, цэвэр ариун ёс суртахууны талаар тодорхой өгүүлсэн байдаг. Харин өнөөгийн нөхцөл байдалд дээр хэлсэн үг үнэний ортой байж болохыг нүдний өмнө өрнөж буй нийгмийн садар самуун явдал бэлхнээ харуулж байх шиг.

Зуны дунд сарын шиннйн дөрөвний өглөө, 08:35 минут.

Олны хэлж заншсанаар Ленингийн хөшөөний цэцэрлэгт өсвөр насны дөрвөн охин бие бие рүүгээ харан инээд алдан уулзаад яриагаа ийн эхпэв.

-За үнэтэй бараагаар юу байна? Акул таарсан уу, жараахай таарсан уу?

-Үхсэнийх нь акул байдгийн. Гар чангатай хөгшин бурхи. Олигтой юм хялайлгасангүй.

Өөр нэг нь: Арай үгүй байлгүй дээ. Манай хойт эх өнөөдөр чинь үнсгэлжин болчихоод ирээ юү дээ”. За тэр яах вэ пи*** гэж ядарч яг үхлээ. Хаана ч хамаагүй очоод нэг сайхан унтчихмаар байна. Хямдхан буудал ойр хавьд байна уу?” гэх зэргээр тэдний хооронд яриа өрнөв. Тэд ойролцоогоор 14-16 насны охид байсан бөгөөд цүнх үүрснийг нь харвал ЕБС-ийн сурагчид баймаар. Гэсэн ч ярьж, хэлж буй нь аль хэдийнэ биеэ үнэлэгчийн замыг сонгосон нь илт. Энэ үйл явдал Улаанбаатар хотын биеэ үнэлэгчдийн пост гэж хэлэгдэх Ленин багшийн хөшөөний урд хэсэгт өрнөсөн явдал. Иймэрхүү үйл явдал өдөр болгон, цаг минут бүр өрнөнө. Тэдний нэг өдрийн ажил, ар гэрийн байдлын талаар хэн ч хөнддөггүй. Магадгүй хөндөхийг ч хүсдэггүй байх. Харин энэ удаад тэдний дотоод амьдралыг бага ч болов мэдэхийг хүссэндээ дараах сурвалжлагыг хүргэж байна.

Дурлахгүйгээр үнсэлцье гэх тодотголтой бүлэг хүмүүс нийгэмд өнө мөнх оршсоор удаж байна. Амар хялбар аргаар мөнгө
олохын тулд өөрийнхөө биеийг бусдад тушаах нь өөдтэй зүйл биш хэмээн тэднийг буруутгах хэрнээ тэдэнд дурлах нэг нь цөөнгүй. Харин нөгөө хэсэг нь энэ байх ёстой зүйл мэт санаж аль эрт тэднийг хүлээн зөвшөөрчээ.

Тэдний мууг үзэх гэсэнгүй. Нийгмийн тодорхой нэг хэсэг бүлэг гэдэг утгаараа анхаарлын гадуур өнгөрч болохгүй гэсэн үүднээс тус нийтлэлийг хүргэж байна. Цэцэгнээс цэцэг дамжин бал цуглуулах эрвээхийнүүд олон янзын өнгө будагтай. Зарим нь нэг цэцгэн дээр удаан сууж, тэр цэцэгнээсээ л балаа авч, бороо шороогүй тэнгэр цэлмэг байх үед тэр цэцэгнээсээ аль болох салахгүйг хичээнэ. Ийм нэг “эрвээхэйн талаар энд өгүүлье.

С: Хэрвээ ар гэрээ тэжээгээд өвчтэй эхээ эмчлүүлчих хэмжээний цалинтай ажилтай байсан бол би энэ замыг сонгохгүй л байх байсан.

Түүнийг энд Сарнай хэмээн нэрлэе. Хөдөөний тосгонд ойролцоо амьдардаг байсан миний хувьд түүнийг танилын хүрээнд мэднэ. Тэрээр оюутан болж хотод ирээд удаагүй байхдаа хүүхэдтэй болсон бөгөөд сурахын хажуугаар өрх толгойлсон эмэгтэйн үүргийг гүйцэтгэж яваа нэгэн. Хөдөө гэртээ эцэг дээрээ хүүхдээ орхиж болох ч ар гэрийн амжиргаа тун хэцүү учир өөр дээрээ байлгахыг тэрээр илүүд үзсэн нь энэ. Оюутан байхдаа хүүхдээ тэжээхийн эрхээр олон ажил хийж үзсэн ч авч буй цалин хаанаа ч хүрэхгүй учир мөнгө олохын эрхэнд энэ замыг сонгон сургуулиа аль эрт орхисон. Одоо хүүхэд нь хоёр нас хүрсэн ч тэрээр уг ажлаа үргэлжлүүлсээр байна. Хангалттай их мөнгө хурааж байгаад өөрийн гэсэн бизнестэй болохын тулд тэрээр дөрөв дэх жилдээ энэ ажлыг хийж байгаа гэх. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе. Хэн нь хэнийхээ ямар ажил хийдгийг бид мэдэх учир бишүүрхэх санаа зовох зүйл энэ удаад байсангүй.

-Анх яаж яваад энэ замыг сонгочихов?

-Би амьдралыг сайхнаар төсөөлж, сайхан хань, хөөрхөн хүүхэдтэй элэг бүтэн сайхан амьдарна гэж боддог байлаа. Гэвч амьдрал тийм ч амар хүссэнээр болчихдоггүй юм байна Хүүхдээ элэг бүтэн өсгөхийн төлөө л амьдарч байна даа. Надад өөр бодоод байх зүйл одоо байхгүй.

-Хүүхдийнхээ эцгийн талаар яриач. Одоо холбоотой байдаг уу?

-Анх би тэр хүнтэй танилцахдаа амьдралын сайн ханьтайгаа учирлаа л гэж бодож байсан. Бид хоёр анхандаа бие биедээ халамжтай сайхан л байсан. Даанч их хурдан хүүхэдтэй болчихдог байсан юм. Хэн хэн нь оюутан байсан учраас анхныхаа хүүхдийг авахуулсан. Гэтэл удсан ч үгүй дахиад л хүүхэд. Энэ удаад гаргая гэтэл тэр зөвшөөрөөгүй. Харин би гаргахыг л хүссэн. Тэгээд л эцэст нь өөрийнхөөрөө шийдэж хүүхдээ төрүүлсэн. Харин тэр эцэг болохоос татгалзаж өөрийнхөө замыг хөөгөөд явсан. Хэрвээ би тэр үед хүүхдээ авахуулсан бол дахиад хүүхэдтэй болохгүй ч байж мэдэх байсан шүү дээ. Тйймээс одоо би харамсдаггүй.

-Анх яаж яваад энэ замыг сонгосон тухайгаа яриач. Өөр ажил хийх боломж бололцоо байхгүй юу?

-Хүүхдээ төрүүлсний дараагаар тусалж дэмжих хүнгүй маш хэцүү байсан. Тэр үед оюутан байх үеийн маань нэг найз надад энэ ажлыг санал болгосон юм. Тэр найз маань хотод төрж өссөн. Бас 10 жилд байхаасаа л биеэ үнэлдэг байсан юм билээ. Хүнд хэцүү үед тэр найз минь надад олон удаа тусалсан. Хүүхдийг маань ч гэсэн түүний найз нөхдүүд харж хандаж өсгөсөн. Өрх толгойлсон эх хүний амьдралыг хүмүүс ямар мэдэхгүй биш дээ. Ар гэр хэцүү учраас надад тус дэм болно гэж үгүй. Тиймээс өөрөө өөрийгөө бас хүүхдээ өлсгөхгүйн тулд л энэ ажлыг хийж эхэлсэн. Өөр ажил хийх талаар үнэндээ бодоогүй биш бодсон. Анх би янз бүрийн ажил хийж байлаа. Ажиллаад л байна ажиллаад л байна. Гар дээр ирж байгаа цалин нь үнэндээ хүүхдэдээ зарцуулаад ойр зуур хэрэглэхэд хүрэлцдэггүй. Би баар пабуудад зөөгч хийж үзлээ. Дараагаар нь хоолны газар бэлтгэгч угаагч гээд хийгээгүй ажил ховорхон доо. Үнэндээ нийгэм ийм л байгаа ш дээ. Биеэ үнэлэгч гэдгээрээ онгирч байгаа юм биш. Гэхдээ энэ ажлыг хийгээд хүүхдээ эргэж тойроод түүндээ хэдэн төгрөг цааш нь хийгээд байж чадаж байна.

-Хүүхдээ одоо хаана байлгадаг вэ? Цаг зарцуулж чадаж байна уу?

-24 цагийн цэцэрлэгт өгчихдөг.

Гэхдээ түүндээ аль болох цаг зав гаргахыг хичээж долоо хоногийн 2-3 өдөр өөр дээрээ байлгадаг. Тэр мннь одоо улам л томроод хөөрхөн болоод л байгаа. Түүнийгээ л хайр халамжаар дутаахгүй юмсан гэж боддог юм. Хэлд ороод юм яриад эхэлчихсэн. Яваад очингуут ээж ээ, би танд хайртай гэж ирээд л үнсэнэ. Орхиод явах үед хүзүүнээс зуурчихаад тавьдаггүй байсан бол одоо дуугүйхэн байж байснаа ээж ээ, баяртай гээд үнсдэг болсон. Хүүгээ орхиод явах үед өөрийн эрхгүй өр зүрх шимширдэг ч удахгүй түүнтэйгээ урт удаан сайхан амьдарна гэсэн сэтгэлийн хатаар өөрийгөө зоригжуулан өдийг хүртэл гүрийсээр л явна.

-Цаашид амьдралынхаа тухай яриач. Мэдээж энэ ажпыг байнга хийгээд явна гэж үгүй шүү дээ?

-Сургуулиа орхиж болохгүй. Тиймээс үргэлжлүүлэн сурна гэж бодож байна. Хүүхэд минь хожим өсч том болоод ээжийгээ биеэ үнэлэгч биш ухаантай мэдлэг боловсролтой эмэгтэй гэж бахархаж байхыг хүсч байна. Хэдийгээр би алдаж гишгэсэн ч үлдсэн амьдралаа сайн сайхнаар төсөөлж явдаг. Хүү минь миний амьдралын утга учир. Тиймээс хүүхдийнхээ ирээдүйг сайн сайхан байлгахын тулд өөрийгөө дайчлан хүүгийнхээ өмнө хүндлэл хүлээсэн хүн байхыг хүсч байна. Одоо надад хүүхдийнхээ нэр дээр хураасан бага сага мөнгө байгаа. Тэр мөнгөө хангалттай хэмжээнд хурааж байгаад үргэлжлүүлэн сурна.

Болж бүтэхгүй хорвоог хэцүү гэж үзэн ядалгүй гурван настай хүүгээ санан өр зүрхээ чангалан хатуу хорвоог сөрж амьдрах нэгэн эмэгтэйн амьдрал энэ. Түүнд зорилго, хүсэл мөрөөдөл, хайртай хүү байгаа. Тиймээс тэрээр хэнээс ч юу ч гуйлгүй, бас хэнд ч гай болохгүйгээр амьдралын төлөө зүтгэсээр л явна. Харин түүний араас дагалдах нэгэн бараан гуншин нь “шөнийн эрвээхэй”. Биеэ үнэлэгчийг хүн биш гэж үзэх хүмүүс олон бий. Тэд амар хялбар аргаар мөнгө олохын тулд өөрийнхөө нандин хэсгийг хэдэн халтар төгрөгөөр худалдчихаж байгаа нь өөрийгөө хүндлээгүй хэрэг хэмээн тэднийг үзэн ядах хэсэг бий. Гэвч үнэн хэрэгтээ тэд хүссэндээ энэ ажлыг хийдэггүй гэдгийг хэн ч ойлгодоггүй аж.

Энэ жишээг давтах бас нэгэн эмэгтэйн талаар энд өгүүлье.

28 настай Б. ЕБС-ийн гурван дүүгээ тэжээхийн тулд шөнийн эрвээхэйн зам руу гулсан орсон нэгэн. Тэрээр Сарнайгийн найз бөгөөд Сарнайгийн тусламжтайгаар түүнтэй хэсэг ярилцах боломж олдсон юм. Сарнайг бодвол тэрээр асуусан ямар ч асуултанд эмзэглэлгүйгээр хариулахын зэрэгцээ үргэлж инээд цацруулан маш эелдэг гэгч нь ярина.

-ЕБС-ийн хоёр дүүтэй юм байна. Өдийг хүртэл тэднийг харж хандах хэцүү л байсан байх. Ингэхэд танай эцэг эх гэж ямар хүмүүс байсан юм бэ?

-Манай хоёр дүү чинь одоо их том болсоон. Надаас бараг мөнгө авахаа байсан. Том нь одоо ЕБС-ийн аравдугаар анги. Харин бага нь тавдугаар ангид сурч байгаа. Ээж маань одоо шоронд байгаа.

-Харин аав тань?

-Ээж маань өвчин туссанаас хойш өөр эмэгтэйг дагаад алга болоод өгсөн. Яг л нөгөө гарын таван хуруу гэдэг кинонд гардаг шиг. Түүнээс хойш л би гэрийнхээ өрхийн тэргүүн, бас эхийн үүргийг гүйцэтгэсээр ирлээ.

-Аавыгаа их үзэн яддаг байх даа?

-За тэр хүнийг одоо үзэн ядлаа гээд ч яах билээ. Нэгэнт л бидэнд хайргүй гээд орхиод явснаас хойш. Бидэн дээр хааяа ирчихээд уйлаад суучихдаг юм. Тэглээ гээд бид яах ч билээ. Бидний хувьд тэр хүн аль хэдийнэ үхсэн.

-Одоо хэр амьдарч байна даа? Ээж дээрээ хамгийн сүүлд хэзээ очсон бэ?

-Одоо бид хэд давгүй ээ. Нэг хэсэг амьдрал гэж гэж хөмөрсөн тогоо шиг л байлаа. Одоо бид хэд давгүй л амьдарч байна. Ээжтэйгээ би тийм сайн харьцаатай биш. Хоёр дүү л ойр ойрхон очдог юм.

-Одоо хийж байгаа ажлын чинь талаар л ярих гээд байна л даа. Нэг үеэ бодвол одоо амьдрал өөрчлөгдсөн юм байна. Энэ эрсдэлтэй замаас одоо хазайх болсон биш гэж үү?

-Тийм ээ тийм. Эгч нь одоо энэ ажлаас татгалзах цаг нь болсон. Гэхдээ эгчид нь тохирсон гайгүй ажил бас олдож өгөхгүй байгаа юм. Гэхдээ миний дүү санаа зоволтгүй ээ. Эгч нь одоо ингэж амьдрахгүй.

-Хэзээ нөхөр хүүхэдтэй болох гэж байна?

-Эгчийг нь одоо хэн тоохов дээ. Нас ч баахан явчихлаа. Хүүхэдтэй болно гэж бүүр худлаа байх. Гурван удаа үр хөндүүлсэн юм чинь одоо бараг хүүхэдтэй болно гэж байхгүй байх. Гэхдээ хүн л юм чинь сайхан хань, хөөрхөн үр хүүхэдтэй болохыг хүсэлгүй л яахав......

Бидний яриа ийнхүү өрнөж байтал түүний утас нь дуугарч, тэрээр утсаа аван "Тийм ээ мөн байна. Өө завтай завтай. Болно ш дээ. За тэгье. Хоёулаа хаана уулзах вэ” гэхчлэн ярилцсаар утсаа салгав. Утсаа салгасныхаа дараа тэрээр над руу харж инээмсэглэн цүнхээ авахдаа "За за эгчийн дүү баяртай. Эгч нь чиний хэлснийг сайн ойлгосон. Эгч нь энэ замаа орхиноо" гэснээр бид саллаа. Гэхдээ би түүнд итгэсэнгүй. Учир нь тэрээр утсаа аваад ярихдаа “Үгүй би завгүй” гэж хэлэх ёстой байсан. Өнчирч хоцорсон хоёр дүүгээ хүнээс дутаахгүйн тулд өөрийгөө зольсон түүнээс найз нөхөд нь бүгд дөлжээ. Түүнчлэн шоронд байгаа гэх эх нь түүний хойт эх аж. Гэтэл тэрээр хамт өссөн цус нэгтэй хоёр дүүгээ удаан өнчрүүлэхгүйн тулд хойт эхийгээ эргэхээр хоёр удаа очиход сээтэн хаяад байсан шоронгийн хуягт дугаараа өгснөөр 16 жилийн ялтай эхийнхээ ялыг 12 жил болтол нь хөнгөлүүлж чаджээ. Нийгмийн шавхруу мэт үзэгдэх биеэ үнэлэгчдээс тэгтэл энэ чинээ сайхан сэтгэл бас гардаг гэдгийг хүн бүр мэддэггүй. Өнөөдөр нийгмийн байдлаас, зарим хэсэг нь ар гэрийн байдлаас үүдэлтэй ийнхүү “шөнийн эрвээхий” “эмэгтэй цамц” гэх зэрэг тодотгол зүүж энэ амьдралаар замнасаар байна. Монголд 6000 гаруй биеэ үнэлэгч байдаг гэх тоо бий. Биеэ үнэлэгч нар ДХВ-ийн хамгийн эрсдэлтэй бүлэг гэдэг утгаар нь төрийн бус байгууллагуудын зүгээс тэднийг үе үе цуглуулан сургалтанд хамруулдаг байна. Насаараа ийм байдлаар мөнгө олж амьдарна гэж байхгүй. Тиймээс тэднийг ажил орлоготой болгож, тохирсон ажилд зуучлах шаардлагатай байгаа юм. Гэвч монголын нөхцөлд ихэвчлэн өрх толгойлон амьдарч буй энэ эмэгтэйчүүдийн амьдралд хүрэлцэхүйц цалин нь даанч алга байгаа.

С.Мөнх-Од
Эх сурвалж: "Улаанбаатар Таймс" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш