Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Ховд багийн нутаг дахь Дулаан хар хэмээх газар Дарьтын уурхай гэдэг шинэ уурхай ашиглалтад орох гэж байгаа аж. Тэнд газар дор ажиллаж байсан найман уурхайчин агаар дутагдсаны улмаас ухаан алджээ. Тэдгээр найман хүнийг газрын гүнээс аварч дөрвийг нь эмнэлэгт хүргэж бусдыг нь гадуур эмчилж байгаа юм байна. Энэ уурхайд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаа явуулж буй бөгөөд хятадын 20 гаруй, Монголын 50 орчим хүн ажилладаг аж. Мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлтээр тус уурхай аюулгүй ажиллагааны дүрэм, журам мөрддөггүй, уурхайчдад зохих хэмжээний цалин хөлс олгодоггүй байсан нь энэ ослын улмаас хийсэн шалгалтаар илэрчээ. Аюулгүй ажиллагааны шаардлагыг хууль дүрмийн дагуу бүрэн хангатал Дарьтын уурхайн үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.
Л.Баатархүү
Л.Баатархүү