logo
Мехико хотын нисэх буудал дээр гурван цагдаа алагджээ

Мехико хотын нисэх буудал дээр гурван цагдаа алагджээ

2012/06/28
Мексикийн нийслэл Мехико хотын олон улсын нисэх буудал дээр болсон буудалцааны үеэр гурван цагдаа алагдсан байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр хар тамхи дамласан хэргийн сэжигтнүүдийг баривчлах зорилгоор цагдаа нарыг нисэх буудал руу илгээгээд байжээ. Он гарсаар Мексикийн цагдаа нар нисэх буудлаас 200 кг орчим кокайныг хураасан байна.
Сэжигтнүүд гал нээсний дараа цагдаагийн хоёр албан хаагч газар дээрээ амьсгал хураасан бөгөөд нэг нь эмнэлэгт нас барсан байна. Буудалцаан болсон хэсгийг цагдаа нар хамгаалалтандаа авсан ч нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа тухай эх сурвалжууд мэдээллээ. Гэрчүүдийн хэлснээр буудалцаан хоёрдугаар терминалийн хоолны газарт болсон бөгөөд сэжигтнүүд цагдаагийн дүрэмт хувцас өмссөн байжээ. Харин цагдаа нар сэжигтнүүдийг баривчлаагүй гэж Ассошэйтэд Пресс агентлаг мэдээллээ.
Сэжигтнүүд цагдаагийн албан хаагч эсвэл гэмт хэрэгтнүүд байсан эсэхийг мөрдөгчид шалгаж байгаа гэнэ.
Мексикийн бусад хот, мужуудыг бодвол Мехико хотод хүн амины хэргийн гаралт баг байсан юм. Энэ улсад сүүлийн таван жилийн хугацаанд хар тамхи дамлагчидтай холбоотой халдлага хүчирхийллээс болж 50.000 гаруй хүн амь үрэгджээ.
Мексикийн нийслэлд гэмт хэрэгтнүүдийн халдлага дайралт нэмэгдсээр байна. Энэ хотод өнгөрсөн онд хар тамхины бүлгүүдтэй холбоотой 300 орчим хүн амины хэрэг гарчээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш