logo
Египетийн ерөнхийлөгч Мохаммед Морси цэргийн зөвлөлийн гишүүдтэй уулзлаа

Египетийн ерөнхийлөгч Мохаммед Морси цэргийн зөвлөлийн гишүүдтэй уулзлаа

2012/06/28
Египетийн ерөнхийлөгчийн сонгуульд 51.7 хувийн саналаар ялалт байгуулсан Мохаммед Морси даваа гаригтцэргийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Лалын Ахан Дүүс хөдөлгөөнөөс нэр дэвшсэн түүний хувьд цэргийн зөвлөлтэй хэл амаа ололцох нь юун түрүүнд чухал байгаа билээ.
Маршал Хуссейн Тантавигаар ахлуулсан цэргийн зөвлөл ерөнхийлөгчийн сонгуулиас өмнөхөн Исламистууд давамгайлж байсан парламентыг тарааж, ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан тогтоолыг баталсан. Энэ нь Морсигийн хүч нөлөөг багасгаад зогсохгүй ямар нэг алдаа дутагдал гарсан тохиолдолд түүнд хамаг бурууг тохох боломж бололцоог цэргийн эрх мэдэлтнүүдэд олгосон хэрэг болжээ.
Ерөнхий сайд Камал Эл-Ганзуригаар удирдуулсан Египетийн засгийн газар даваа гаригт бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаагаа Цэргийн Дээд Зөвлөлийн тэргүүнд мэдэгдсэн байна.
Морси хуучин ерөнхийлөгч Хосни Мубаракийн амьдарч байсан ордонд зочилжээ. Мубарак бараг 30 жил төрийн эрхийг барьж байх үедээ Лалын Ахан Дүүс хөдөлгөөний үйл ажиллагааг хориглодог байсан юм. МорсиИрантай дипломат харилцаагаа өргөжүүлэхийг хүсч байна гэжИраны Фарс агентлаг даваа гаригт мэдээлжээ.
Египетийн шинэ ерөнхийлөгч Мубаракийн ажиллаж байсан албан байранд нүүн ирж, засгийн газрыг бүрдүүлэх ажлаа эхлүүлсэн байна. Гэхдээ эрх баригч цэргийн зөвлөл ихэнх эрх мэдлийг нь хязгаарлачихаад байгаа учраас Морси чухам ямар ажлыг толгой мэдэн хийж болох эсэх нь тийм ч тодорхойгүй байгаа юм.
Тэрээр Арабын хамгийн хүн амтай улсад ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч болсон. Сонгуулийн дүн гарсны дараа Морси өмнө нь хашиж байсан улс төрийн албан тушаалуудаасаа татгалзсан байна. Тэрээр Мубаракийн үед ерөнхий сайдаар ажиллаж байсан Ахмед Шафикийг ялсан юм.
Морси ийнхүү албан тушаалаа аваад байгаа ч Мубарак огцорсны дараа төрийн эрхэнд гарсан цэргийн зөвлөл Египетийг үндсэндээ удирдаж байна гэж хэлж болно.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш