logo
Aрьс шилжүүлэн суулгах мэс засалд орсон охин илааршиж байна

Aрьс шилжүүлэн суулгах мэс засалд орсон охин илааршиж байна

2012/06/28
Өмнөд Африкийн эмч нар 80 гаруй хувийн түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдсэн гурван настай охинд хиймэл арьс шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн тухай мэдээллийг хүргэж байсан. Эмч нар шатамхай шингэн дэлбэрсний улмаас хүндээр түлэгдсэн Изабелла Кругерийн биеийн байдлыг тогтворжуулахын тулд хэдэн сарын турш эмчилгээ хийгээд байсан юм. Мягмар гаригт түүний ээж Анис Кругер охиных нь биеийн байдал сайжирч байгаа гэж ярьсан байна.
Изабелла одоо ухаан орсон бөгөөд түүнийг гуурсаар хооллохоо больжээ. Түүнд суулгасан хиймэл арьс хэврэг, огцом хөдөлбөл урагдах аюултай учраас түүнд тайвшруулах тариа хийгээд байсан байна.
Энэ сарын эхээр Өмнөд Африкийн эмч нар 30-40 залгаа хиймэл арьсыг Изабеллад шилжүүлэн суулгасан. Тэдгээр хиймэл арьснуудыг Бостоны лабораторт эс хувилах аргаар гаргаж авсан байна. Хагалгааны дараа тэрээр бага багаар хоол идэж эхэлжээ.
80 гаруй хувийн түлэгдэлтэй хүн амьд гарах нь ховор байдаг аж. Гэвч гурван настай охин чадварлаг эмч нарын ачаар одоо илааршиж байна. Тэрээр бүрэн эдгэтэл урт хугацаа шаардлагатай ч ээж нь өөдрөг бодолтой байна. Анис ярихдаа "Би охиныхоо дуу хоолойг сонсохыг тэсэн ядан хүлээж байна, гэхдээ охин маань намайг бяцхан гараараа тэвэрч чаддаг болохыг хамгийн ихээр хүсч байна" гэжээ.
Хагалгаанд оролцсон эмч Ридван Миа ярихдаа "Эдгэрэхэд урт хугацаа шаардлагатай, азаар охин ямар нэг халдвар аваагүй" гэжээ. Мөн тэрээр охиныг дараа долоо хоногийн сүүлээр эмнэлгээс гаргаж магадгүй байгаа ч зарим нэг бэрхшээлүүд байгааг хэлсэн байна. Охин өдөр бүр физик эмчилгэ хийх ёстой бөгөөд мөн хэл яриа засах эмчилгээ хийх шаардлагатай байгаа юм.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш