Нийслэлд МАН-аас хүч үзсэн нэр дэвшигчид хяналтын тооллогыг дурын машинд хийхгүй сонгуулийн хэсгийн хорооноос тусгайлан заасан машинд хийх шаардлага тавьж байгаа нь автоматжуулсан төхөөрөмжөөр санал хураах журмыг зөрчсөн гэж тэд үзэж байна. Нийслэлийн 9 дүүрэгт нэр дэвшигчид яг ийм төрлийн маргааныг үүсгэж байгаа тул нийслэлийн дүн эцэслэн гарахад чамгүй саад учруулах бололтой. Нийслэлийн СБД-т МАН-аас нэр дэвшсэн Хотын орлогч Ц.Цогзолмаа, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нар 15 цагт хэвлэлийн хурал зарлаж, сонгуулийн санал тооллогыг гар аргаар хийх боломж олгож өгөхийг СЕХ-оос хүсч, саналын автомат системд итгэхгүй байгаа сонгогч олны төдийгүй, нэр дэвшигчдийн эргэлзээг тайлж өгөхийг хүслээ. СХД-т нэр дэвшигч Д.Сумъяабазарын автоматаар тоолсон саналын хуудас, гар аргаар тоолсон дүнгээсээ 120 хуудсаар зөрсөн зэрэг санал тооллогын үед гарсан олон тооны зөрчлөөс үүдээд автомат машины тоон дүнг гар аргаар тоолсон дүнтэй тулгах саналтай байгаагаа МАН-аас гадна УИХ-ын сонгуульд оролцож байгаа 10 нам, 2 эвсэл СЕХ-нд илэрхийлээд байгаа. Сангийн дэд сайд Ч.Ганхуяг хэлэхдээ СБД-ийн сонгогчид бидний өгсөн санал үнэхээр бодитой тоологдсон эсэхэд эргэлзэж байна гэдгээ нэр дэвшигдэд илэрхийлээд байгаа учраас бид хяналтын тооллогыг дурын саналын хайрцагт хийх, эргэлзээтэй дүн гарвал улсын хэмжээнд саналыг хуудсыг гар аргаар давхар тоолон шалгаж, ард иргэдийн саналыг баталгаажуулах боломжийг олгохыг СЕХ-оос хүсч байна гэсэн юм. Нэр дэвшигч Ц.Цогзолмаа хэрэв нийслэлийн 9 дүүргийн хяналтын тооллогын дүнд эргэлзээ гарвал улс төрийн бусад нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх ашиг, түүний цаана ард иргэдийн ардчилсан сонголтыг хүндэтгэж саналыг гар аргаар дахин тоолох, зөрчил дутагдал илэрвэл даруй засч залруулах нь зүйтэй гэсэн юм. Ц.Цогзолмаа хэрэв нам эвслүүдийн саналыг СЕХ хүлээж авахаас тодорхойгүй шалтгаанаар татгалзвал хууль хяналтын байгууллагад хандах болно гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. СБД-ээс нэр дэвшигчид гар аргаар санал тоолох ажлыг хийхдээ хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, улс төрийн намуудын төлөөллийг байлцуулахыг хүсч байгаагаа мөн илэрхийлсэн юм.