УИХ-ын 2012 оны сонгууль өчигдөр болж, 1.198.086 иргэн санал өгснөөр ирц 65,24 хувьтай гарч, сонгууль амжилттай болсон билээ. СЕХ-ны мэдээлснээр сонгуулийн ирц орон нутагт 66,8 хувь, нийслэлд 63,24 хувьтай байжээ. Ирц бүрдэж хүчин төгөлдөр болсон ч сонгуулийн дүн эцсийн байдлаар тодорхой болоогүй байна. Бид сонгуулийн явц, урьдчилсан үр дүн, намуудын хооронд үүсээд байгаа маргаан /Автомат машины саналыг гараар тоолох саналыг зарим нам гаргаад байгаа/-ы талаар иргэдийн байр суурийг сонслоо.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Батмөнх:
-Сонгуулийг хуулийн дагуу болсон гэж бодож байна уу?
-Иргэн хүний хувьд өчигдөр явагдсан сонгуулийг хуулийн дагуу болсон гэж бодож байна. Би АН-ныг дэмждэг, нийслэлд АН илт илүүрхэж байгаад баяртай байна. Сая авсан мэдээллээр санал тоолох машин гацлаа, эвдэрлээ гэж байна. Энэ нь иргэдэд бага зэрэг эргэлзээ төрүүлж байна.
-Санал тоолох автомат машин ашигласан нь зөв сонголт байсан болов уу?
-Техник, технологи хөгжсөн энэ үед дэлхийн бусад орнуудтай хөл нийлүүлэн алхах нь зөв гэж бодож байна. Тэгээд ч автомат машинаар санал тоолсон нь илүү бодит, үнэн зөв хариуг гаргах байх гэж бодож байна.
Чингэлтэй дүүргийн иргэн Д.Мөнхцэцэг:
-Зургаа дахь удаагийн түүхэн сонголт гэдэг утгаараа хүмүүс илүү ухамсартай болсон байна. Миний бодлоор аль нэгэн намд нь давуу эрх олгож байж л санасан бодсон ажлыг нь хийлгэж чадна гэж бодож байна. Бие даагч, жижиг гээд намуудыг иргэд сонгож буй нь ухаантай сонголт байсан гэж бодож байна. Санал тоолох машин ашигласан нь цэвэр, соёлтой харагдаж байсан. Гэвч хүн машинд дасахаас биш, машин хүнд дасахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Өндөр настан Д.Юра:
-Би МАХН-ын дэмжигч. Гараар дахин тоолно гэсэн маргаан үүсч байх шиг байна. Гэхдээ анхнаасаа ингэж гараар давхар тоолох байсан юм бол автомат машинд зарцуулсан тэр их мөнгийг өөр хэрэгтэй зүйлд зарцуулах хэрэгтэй байсан байх. Гараар дахин тоолоход болохгүй зүйл байхгүй болов уу.
Баянгол дүүргийн иргэн Ц.Батцогт:
-Сонгуулийг хуулийн дагуу болсон гэж бодож байна. Санал тоолох машинаар санал тоолж байгаа нь илүү шударга юм шиг санагдсан. АН-ын мөрийн хөтөлбөр амьдралд минь илүү ойр санагдсан. Одоо хүртэл аль нам, ямар нэр дэвшигч УИХ-ын сонгуульд ялалт байгуулсныг ард түмэнд тодорхой мэдээлэхгүй байгаа нь ард түмний сонголтыг хүндлэхгүй байгаа явдал гэж ойлгож байна.
Баянзүрх дүүргийн иргэн н.Нарангэрэл:
-МАН-аас саналыг гараар тоолох шаардлага тавьж байгааг телевизээр сонссон. Үр дүнгийн тухай ерөнхий хана босчихсон байхад одоо ахиж гараар тоолно гэдэг нь ямар л бол доо гэж бодож байна. Хугацаа шаардана шүү дээ. Юм удна гэдэг чинь ямар нэгэн нүх үүснэ л гэсэн үг шүү дээ. Нэг намын бодлого яваад байгаа юм биш үү.
Баянзүрх дүүргийн иргэн н.Дулмаа:
-Нэгэнт өгчихсөн байгаа саналыг яагаад ингэж будлиантуулах гээд байгааг ойлгохгүй байна. Анхнаасаа л автомат гэж уриалаад байсан мөртлөө одоо болохоор хуучин шигээ гараар тоолмоор байна гээд байх юм. Тийм л байсан юм бол яах гэж ард түмнээс машинаар санал авсныг ойлгохгүй байна. Автомат машинд итгээд өгсөн ард түмний санал дээр ажиллах гэж байгаа юм биш байгаа гэсэн болгоомжлол төрж байгаа.
Иргэн Б.Болдбаатар:
-Гараар тоолбол санал будлиантана гэж бодож байна. Ер нь дахин санал тоолно гэдэг дэмий байх аа. Уг нь бол энэ удаагийн сонгууль зохион байгуулалтын хувьд сайхан болсон гэж бодож байгаа.
Баянзүрх дүүргийн иргэн Н.Туяа:
-Сонгуулийн явцын талаар телевизээр хангалттай мэдээлэл авсан. Зарим нэг хэсгийн хороод дээр маргаан гарч байна лээ. Ард түмний цаашдын амьдралын сонголт дээр ийм хариуцлагагүй хандаж болохгүй. Хэрэгтэй гэвэл саналыг дахин тоолж болох л юм. Гэхдээ хяналтын тооллого л хийх хэрэгтэй байх. Тийм л итгэлгүй машин байсан юм бол анхнаасаа ард түмнийг хуурч тэр машинаар санал авах хэрэг байсан юм уу. Гэхдээ яах аргагүй тоолно гэвэл тоолох л хэрэгтэй байх даа.