logo
Бразилд ном уншсан хоригдлуудын ялыг хөнгөрүүлэхээр болжээ

Бразилд ном уншсан хоригдлуудын ялыг хөнгөрүүлэхээр болжээ

2012/07/02
Өмнөд Америкийн гэмт хэргийн гаралт өндөртэй улсуудын нэг нь Бразил юм. Энэ улсын эрх баригчид хоригдлуудад ялаа хөнгөрүүлэх боломжийг олгосон шийдвэр гаргажээ. Хоригдлууд уншсан ном болгоныхоо тоогоор эдэлж буй ялын хугацаанаасаа дөрвөн өдрийг хасуулж болох юм байна. Өөрөөр хэлбэл нэг ном уншвал дөрвөн өдөр, 10 ном уншвал 40 өдрийг ялынхаа хугацаанаас хасуулaх аж.
Зарим зартай гэмт хэрэгтнүүд хоригддог дөрвөн шоронгийн хоригдлууд нэг жилийн хугацаанд уран зохиол, философи, шинжлэх ухааны чиглэлийн 12 ном уншиж, дээд тал нь 48 өдрийг ялаасаа хасуулах боломжтой болно. Энэ талаар Бразилын засгийн газрын төлөөлөгч мэдээлсэн байна.
Хоригдлуудад нэг номыг уншихад дээд тал нь дөрвөн долоо хоногийн хугацаа өгөх бөгөөд тэд уншсан номныхоо талаар алдаа мадаггүй, эмх цэгцтэй эссе бичих шаардлагатай юм байна. Энэ талаар даваа гаригт гаргасан засгийн газрын албан ёсны мэдээлэлд дурджээ.
"Ном ба Чөлөөлөлт" нэртэй энэ хөтөлбөрт ямар хоригдлуудыг хамруулахыг тусгай мэргэжилтнүүдийн баг шийдэх юм байна.
Шоронгуудад ном хандивлах хөтөлбөрийг ахалж байгаа хуульч Андре Кехди хэлэхдээ "Хоригдлууд шоронгоос суллагдахдаа илүү их зүйлийг мэдсэн, хорвоо ертөнцийн талаар илүү өргөн мэдлэгтэй болсон байх болно, ном тэдэнд сайнаар нөлөөлөх нь гарцаагүй" гэжээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш