logo
МАН-ын хяналтын хорооноос СЕХ-ны дарга Н.Лувсанжавт албан бичиг хаяглав

МАН-ын хяналтын хорооноос СЕХ-ны дарга Н.Лувсанжавт албан бичиг хаяглав

2012/07/02
Ванго эмээгийн залгамж халаа Монголд мэндэлсэн байсныг бид өмнө нь огтхон ч анзаардаггүй байсан бололтой. Харин энэ удаагийн сонгуулиар Баабар гэгч ямар сайн зөн билэгч болохыг харуулсан үйл явдал боллоо. Ардчилсан намын нэр дэвшигчид батламжаа авдаг өдөр Н.Алтанхуяг, Баабар нар “Ялагдах эрхгүй сонгууль шүү” хэмээн партизанууддаа анхааруулж, ташуур өгч байсан билээ. Түүнчлэн Баабар сонгуулийн үр дүнгийн талаар нийтлэл бичсэн нь өнөөгийн үйл явцтай таарч байгаа гэж жигтэйхэн. Тэрбээр нийтлэлдээ “Улаанбаатарт нийт 14 суудал бий. АН 8-9, МАН 3-4, МАХН 3-4 суудал авах бололтой. Харин хөдөөгийн 32 тойргоос МАН илүү суудал намдаа авчирна. МАХН, ИЗН тус бүр ганц суудал авч магадгүй. Эцсийн дүндээ АН 35-37 суудал, МАН 30 орчим суудал, МАХН 8-10 суудал, тэгээд ИЗН 1-2 суудал, харин бие даагч ганц, магадгүй хоёр л байх юм шигээ” хэмээн бичсэн байсныг нь www.baabar.mn сайт руу ороод харсан ч болно. Мөн АН “Манайх ялна, яллаа” гэх мессежийг тарааж, нэр дэвшигчдийнх нь амнаас ч энэ үг салаагүй.
Тэгэхээр эцсийн дүндээ Ардчилсан нам хэдийнэ сонгуулийн дүнг гаргачихсан байсан юм биш үү гэх хардлагыг төрүүлж буй юм. МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” тэргүүтэй улс төрийн намууд ч ийн сэжиглэж, өнөөх автомат машины дүнг гар аргаар тоолж, баталгаажуулахыг Сонгуулийн ерөнхий хорооноос шаардах боллоо. Автомат санал тоолох машинд анхнаасаа иргэд сонгогчид төдийгүй нэр дэвшигчид хүртэл эргэлзэж байсан. Тиймдээ ч санал тоолох машинтай холбоотой асуудлууд энэ удаагийн сонгуулийн гол сэдэв байв. Үнэндээ хамтарсан Засгийн газар бутрах үеэс энэ асуудал хөндөгдсөн юм. Улмаар өнөөдөр улс төрийн намууд АН-ын дарга Н.Алтанхуяг Тэргүүн Шадар сайд байхдаа УИХ-ын гишүүн Лу.Болдын “Бодь” компанид ямар ч тендергүй 24 сая ам.доллароор санал тоолох машин оруулж ирэх зөвшөөрөл өгч, тэр машинаараа сонгогчдын саналыг луйвардсан гэж тайлбарлах боллоо.
АНУ-ын “Dominion voting” компанийн “New image cast” автомат машинд бид сонголтоо даатгасан. Нэг хуудсыг 5-8 секундэд тоолох хүчин чадалтай. Программ хангамжаас алдаа гарах магадлал бага гэх. Гэхдээ урьд нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар асуудал үүсгэсэн машин тул хэрэглэгдэхээ больсон гэлцдэг. Энэ компанийн машиныг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглажж, санал тоолж эхэлж байхад гэнэт гацаж, сонгуулийн дүн арав хоногоор хоцорч гарч байсан аж. Жорж Буш, Альберт Горын хэн нь Ерөнхийлөгчөөөр сонгогдсоныг 10 хоногийн дараа зарласан төдийгүй нэгэн тосгоны 300 хүн санал өгснийг дөрвөн сая хүн санал болгон тоолж, олныг алмайруулсан гэх юм билээ. Хэрэв энэ үнэн бол АН-ын гишүүн З.Энхболдын санаачилгаар Монголд “илгээмжлэгдсэн” эдгээр машин эзэндээ үнэнч гэдэг нь үнэн байж мэдэх юм шиг. Ардчилсан намын угшилтай Төрийн тэргүүн хүртэл энэ машиныг “цэвэр” гэж оношилсон нь шалтгаантай байж мэдэх л юм.
Иймд энэ машинд итгэх, эсэхээ гар аргаар тоолж, баталгаажуулах хэрэгтэй хэмээн улс төрийн 11 нам, хоёр эвсэл шаардаж байгааг буруутгах аргагүй юм. Тэр ч бүү хэл, сонгуулийн бүх тойрог, хэсэгт сонгогчдын саналыг гараар тоолж гарсан дүн батлагдах юм бол бүх улс төрийн намууд ямар нэгэн маргаангүй сонгуулийн дүнг зөвшөөрнө гэдгээ тэд хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдсэн. Хэрэв гараар тоолох шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ ч мөн хэлж байгаа нам тэдний дунд байсан. Гол нь АН-ын гишүүн Баабар үр дүнг дээрх байдлаар урьдчилан харсан нь улс төрийн намуудын ундуйцлыг хүргэсэн бололтой.
Ард түмний эргэлзээг тайлахыг шаардаж улс төрийн намууд АН-д хандан уриалга гаргасан юм. Улс төрийн нам,эвслүүд сонгуулийн санал хураах ажиллагаанд ноцтой алдаа зөрчил гарсан.Энэ алдаа зөрчил нь Үндсэн хуульд заасан иргэдийн сонгох сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчиж,төрийн эрхэд халдсан хэрэг гэж үзэхэд хүргэж байгааг уриалгадаа мэдэгдэж Гурав дахь хүчин эвсэл, Иргэний зориг ногоон нам, Иргэний хөдөлгөөний нам, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, Монгол Ардын нам, Монголын ногоон нам, Эх орон нам, Эх орончдын нэгдсэн нам, Хөгжлийн хөтөлбөрийн намын удирдлага гарын үсэг зурсан. Тэдний шаардлага дагуу гараар тоолох хууль байхгүй хэмээн СЕХ-ноос мэдэгдэж байгаа ч МАН-ын удирдлагуудын хэлж байгаагаар “Хуульд гараар тоолж болохгүй” гэсэн заалт ч байхгүй гэнэ.
Нөгөөтэйгүүр, Сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн заалт зөрчигдсөн талаар МАН-ын хяналтын хорооноос СЕХ-ны дарга Н.Лувсанжавт албан бичиг хаяглав. Албан бичигт “СЕХ-ны 127-р тогтоолын 1-д “санал тоолох төхөөрөмжид уншигдсан бүх саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцсугай.”, “Саналын хуудасны нэр дэвшигч нам, эвслийн нэрийн өмнөх дугуйгаас өөр газарт зурагдсан аливаа тэмдэг, тэмдэглэгээг санал тэмдэглэсэн тэмдэглэгээ гэж тооцохгүй байхаар тогтоосугай” гэсэн болон 2012 оны тавдугаар сарын 15-ны 60 дугаар тогтоолоор батлагдсан зааврын “хүчинтэй, хүчингүйгээр...” саналын хуудсыг ялгах, 68-р тогтоолоор баталсан журмын “дугуйлснаас өөр газар тэмдэглэснийг... өөр тэмдэглэл хийсэнд тооцно” гэсэн заалтуудыг хүчингүй болгосон нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 46.4-т заасан “Нам, эвсэл, нэр дэвшигчийн авсан саналын дүнг саналын хүчинтэй хуудсаар тооцно”, 46.10-т заасан “...хүчинтэй, хүчингүй саналын хуудсыг багцлан боож битүүмжлэн...”, 47-р зүйлд заасан “санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох” тухай заалтуудыг зөрчсөн байна” гэсэн байлаа. Энэ нь саналын хуудсыг хүчинтэй, хүчингүйгээр нь ялгаж, зөвхөн хүчинтэй саналын хуудсаар санал хураалтын дүнг гаргах, саналыг болон саналын хуудсыг тодорхой үндэслэлүүдээр хүчингүй болгох тухай заалтуудын хэрэгжилтийг бүхэлд нь хориглох замаар автомат машинд уншигдсан бүх саналын хуудсыг хүчинтэй гэж үзэхээр журамласан нь сонгуулийн дүнг бүхэлд нь буруу гаргах нөхцлийг бүрдүүлсэн хэмээн тэд үзсэн аж. Мөн сонгуулийн дүнг гаргахдаа машинаар уншигдсан боловч машинд хүчинтэй тооцогдоогүй буюу хүчингүй санал болон саналын хуудсыг хэрхэн яаж тоолж гаргасныг нотлох ямарч боломжгүй. Гэтэл машинд уншигдсан ч хүчинтэйд тооцогдоогүй гэх санал 100 мянга гаруй буюу нийт саналын 10 орчим хувийг эзэлж байгаа талаар тус албан бичигт дурьдагдсан байсан юм. Иймээс дээрх хуль зөрчсөн ажиллагаагаа хэрхэн засаж залруулах талаар тайлбар хийхийг СЕХ-ноос шаардсан юм.
Л.НИНЖСЭМЖИД 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш