logo
Индонези, Малайз улсын хооронд соёлын өвөөс болж маргаан дэгдээд байна

Индонези, Малайз улсын хооронд соёлын өвөөс болж маргаан дэгдээд байна

2012/07/02
"Тор-тор" нэртэй ардын бүжиг Малайзчуудын соёлын өв үү, эсвэл Индонезиос гаралтай юу гэдэг нь маргаантай асуудал болоод байна. Малайзчууд энэ бүжгийг сурталчлах зорилготой үйл ажиллагаа зохион байгуулсан нь хоёр улсын хооронд ширүүн маргаан дэгдээжээ. "Тор-тор" бол удаан хэмнэлтэй бүжиг юм. Индонезичууд Малайзчуудын үйлдлийг хүчтэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэд жагсаал хийх үеэрээ Малайзын төрийн далбааг шатааж, Жакартад байдаг энэ улсын элчин сайдын яамны байр луу чулуу шиджээ.
Малайзаас ердөө 40 км зайд оршдог Индонезийн Суматра арлын оршин суугчид Малайзчууд урлаг соёлын өвийг нь өөрсдийнх гэж зарласан нь байж боломгүй хэрэг гэдгийг хэлсэн байна.
Гэвч Малайзчууд устаж үгүй болох аюулд ороод байгаа соёлын өвийг хамгаалахыг хүсч байна гэдгээ хэлжээ. Малайз дахь Мандаилинчуудын нийгэмлэгийн тэргүүн Рамли Абдул Карим Хасибуан ярихдаа "Эдгээр хоёр соёлыг хуулийн дагуу хүлээн зөвшөөрнө гэдэг нь Малайз улс тэдгээрийг өмчилчихөж байгаа хэрэг биш, тэдгээрийг соёлын өвд бүртгүүлснээр харин ч хамгаалагдаж байгаа хэрэг, сурталчилж байгаа явдал" гэжээ.
Индонези, Малайз улсын засгийн газрууд үүссэн маргааныг намжаахаар ажилласан байна. Засгийн газрын албаны хүмүүс Суматра арал болон Малайзад амьдардаг Мандаилинчуудын соёлыг сурталчлахад үл ойлголцол үүссэн гэж тайлбарлажээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш