logo
Япончууд хүчирхийлэлд өртөж байсан Солонгос эмэгтэйчүүдээс уучлалт гуйлаа

Япончууд хүчирхийлэлд өртөж байсан Солонгос эмэгтэйчүүдээс уучлалт гуйлаа

2012/07/02
Баасан гаригт Өмнөд Солонгосын парламентын барилгын өмнө 40 гаруй Япон эмэгтэй цуглажээ. Тэд Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Солонгос эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эмгэнэлт явдалд уучлалт гуйсан байна. Түүхчдийн хэлдгээр дайны үеэр 200.000 орчим Солонгос, Хятад эмэгтэйчүүд эмсийн хүрээлэн рүү хүчээр ачигдаж, Япон цэргүүдийн хүчирхийлэлд өртөж байжээ.
Өчигдрийн цуглааны үеэр Японы идэвхтнүүд уучлалт гуйсан захидал уншиж, толгойгоо гудайлгасан байна. Тэдний зарим нь нулимсаа барьж чадаагүй байна. Тэдгээр эмэгтэйчүүд Сөүл Токиогийн харилцааг сайжруулахаар ажилладаг бүлгийн гишүүд аж.
Өмнөд Солонгосын засгийн газар удаан хугацаанд Солонгосчуудын дургүйцлийг хүргэж байсан асуудлыг нэг мөр шийдэхийг Японы удирдлагуудаас шаардаж байжээ. Харин Японы тал энэ асуудал 1965 оны хоёр талын гэрээгээр шийдвэрлэгдсэн гэж мэдэгддэг юм.
Японы засгийн газрын албан тушаалтнууд бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан Солонгос эмэгтэйчүүдээс уучлалт гуйж байсан байна. Тэднээс одоо амьд байгаа эмэгтэйчүүд нөхөн төлбөр шаардаж, буруутнуудыг шийтгэхийг хүсдэг юм. Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын Үндсэн Хуулийн Цэц дайны үед бие сэтгэлээрээ хохирч байсан эмэгтэйчүүдтэй холбоотой асуудлыг шийдэх тал дээр засгийн газар онцгойлон хүчин чармайлт гаргахгүй байгаа нь хууль зөрчсөн хэрэг гэсэн шийдвэр гаргажээ.
1995 онд Японы тал бэлгийн боолчлолд өртөж байсан эмэгтэйчүүдэд албан бус байдлаар нөхөн төлбөр олгох санг байгуулсан юм. Гэвч Солонгос эмэгтэйчүүд үүнийг эсэргүүцэж, алба ёсоор уучлалт гуйн, нөхөн төлбөр олгохыг Японы засгийн газраас шаарджээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш