logo
МАН ялагдлаа хүлээн зөвшөөр

МАН ялагдлаа хүлээн зөвшөөр

2012/07/02
Мөнөөх 90 жилийн түүхээрээ бахархдаг МАН-ынхан энэ удаагийн сонгуулиар харин ч нэг хаширтлаа ялагдлаа. 90 жилийн түүхтэй, тулхтай, буурь суурьтай, ачааны хүндийг үүрэгч гэж өөрсдийгөө өргөмжилдөг хэр нь сонгуульдаа оролцсон шиг оролцоод, ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй яг л “зөрүүд хүүхэд” шиг аашилж байна. Энэ өдрүүдэд 90 жилийн түүхтэй “ах нам” маань харин 23 настай залуу намаасаа ч долоон дор аашилж байгаа нь хачирхалтай. Ялагдаж сураагүй, ялагдахыг хүсэхгүй байгаа учраас бүх бурууг мөнөөх санал тоологч машин руу чихэж байна. Ингэхдээ бас жижиг нам, эвслүүдтэй нэгдчихжээ. Хэзээ ч жижиг намуудыг хүлээн зөвшөөрч байгаагүй, тэднийг үргэлж дорд үзэж ирсэн МАН-ынхан хатуухан хэлэхэд ард түмний сонголтыг дахин луйвардахын төлөө ийн жижиг намуудад “хайр зарлажээ”. Сонгуулийн хуулиндаа саналыг автоматаар тоолно гэж яс яривал МАН-ынхан өөрсдөө баталчихаад, одоо болохоор гар аргаараа л тоолъё гэж байна. Гар аргаар тоолбол хуулиа зөрчинө гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооныхон хэлж байгаа. Тэгсэн ч гэсэн МАН-ынхан гар аргаар тоолъё гэж зүтгэсээр байгаа нь шууд утгаараа хуулиа зөрчье гэж байгаагаас ялгаа алга. Өнгөрсөн хугацаанд үргэлж хууль зөрчиж, санал луйвардсаар байгаад сурчихсан учраас бухимдах нь аргагүй. Нэг бодлын “ойлгох” хэрэгтэй байх.
Гэхдээ энд МАН-ын бухимдлаас илүү ард түмний сонголт илүү чухал гэдгийг сануулах хэрэгтэй. Үнэндээ энэ удаагийн сонгуулиар санал тоологч машин хэрэглэсэн учраас ард түмний сонголт үнэн бодитой гарлаа. Ард түмэн ардчиллыг сонгожээ. Харин МАН-ынхан ардчиллаас ухрахыг хүсч байна. Эргээд зөвхөн нэг намын дарангуйлалтай, коммунист нийгмээ санагалзаж буй бололтой. Тийм ч учраас “Зөвхөн манай нам л ялах ёстой байсан, автомат машин буруу ажиллаад, МАН-ын саналыг луйвардаад, АН-ыг ялууллаа” гэх маягтай зүйл ярьж байна. Хэрвээ АН үнэхээр луйвардах байсан юм бол луйвардсан шиг луйвардаж болох л байсан. МАН бол луйвардсан шиг луйвардаад 46 суудал авч чаддаг нам. Харин энэ удаагийн сонгуулиар АН ойролцоогоор 33 орчим суудал л авах урьдчилсан дүр зураг харагдаж байна. АН-аас гадна МАН, ИЗНН, МАХН гэсэн дөрвөн намын төлөөлөл энэ УИХ-д суух нь. Энэ бол ард түмний сонголт үнэн зөв, будиангүй, шударга туссаны хамгийн том баталгаа юм. Бас нэг зүйлийг хэлэхэд энэ жилийн сонгуулийн дараа зөвхөн МАН-ынхан л бухимдалтай байна. ИЗНН, МАХН болон АН-ынхан бол маш тайван байна. Тэднээс гадна хамгийн чухал нь болох ард түмэн энэ өдрүүдэд үнэхээр тайван, амгалан, сонголтондоо сэтгэл хангалуун байна. Ард түмэн саналаа луйвардуулж, шударга бус байдал хэрээс хэтэрсний хамгийн том гай долдугаар сарын 1-ний “хар өдөр” билээ. Өчигдөр дөрвөн жилийн дараах долдугаар сарын 1 тохиолоо. Ард түмэн тайван байна. Сонголт нь үнэн зөв, бодитойгоор тусгалаа олсон учраас л ийн тайван байгаа хэрэг. МАН-ынхан жижиг намуудтай нийлээд, талбай дээр жагсъя гэж байгаа ч тэднийг дэмжих хүн харагдсангүй. Тэгэхээр ард түмэн үнэн зөв сонголтоо хийсэн байхад МАН-ынхан одоо ялагдлаа хүлээн зөвшөөрөөд, ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 90 жилийн түүхтэй нам шиг зангараг гаргаж чадахгүй байж, “Манай нам ачааны хүндийг үүрэгч” гэж дөвчигнөх хэрэггүй л байхгүй юу. Ард түмэн бол энэ удаад “90 жил ачааны хүндийг үүрсэн юм чинь одоо дөрвөн жил ч болов амар даа та нар минь” гэж МАН-ынханд хэллээ. Ард түмний хэлснийг ойлгоод, хүндэтгэж чадахгүй, эрх мэдэл, суудлын араас үхэн хатан зүтгэж байгаа нь эгээ л 90 настай “хударгагүй өвгөн” аятай харагдана.
Үнэндээ МАН олонхи байсан жилүүдэд Монголд хууль бус байдал, авлигал хээл хахууль хэрээс хэтэрсэн гэдгийг ард түмэн мэдэж байгаа. 2000-2004 оны түүх байна. 2004-2008 онд ч бас ялгаагүй. Энэ жилүүдэд авлигал, хээл хахууль хэрээс хэтэрч, газрын наймаа, тендерийн будлиан гаарсан. Өнөөдөр нийслэлд үүсээд байгаа замын түгжрэл, хаа сайгүй баригдаж буй барилгууд, “газрын мафи”-ийн эхлэл, суурь хөрс нь тэр үед бүрэлдсэн гэдэг. Тийм ч учраас ард түмэн шударга бус байдлыг халж, ардчилал, шударга ёсыг сэргээхийн тулд АН-ыг сонголоо. Харин МАН-ынхан хууль зөрчөөд ч болов эрх мэдлийн төлөө зүтгэж байна. Эрх мэдэл гэдэг нь улсыг хөгжүүлэхийн төлөө бус ердөө л шударга бус байдал, хээл хахууль, “газрын мафи”-ийн сүлжээгээ авч үлдэхийн төлөө гэхээр бүр хэлэх ч үг олдохгүй нь. Мэдээж МАН-ынхан ингэж хэлсэнд дургүйцэх байх. Бид улсаа хөгжүүлэхийн төлөө, ард түмнийхээ төлөө ажиллахын тулд гэх биз. Үнэхээр ард түмний төлөө байгаа юм бол элдэв зүйл ярилгүй ялагдлаа хүлээн зөвшөөрөөд, тахимаа өгч, талбайг орхивол ямар вэ. Тэгээд ирэх дөрвөн жилд сөрөг хүчин байж ажиллах ямар байдгийг мэдэж ав. Басхүү 90 жилийн түүхтэй нам шиг байж, 23 жилийн түүхтэй ардчилалд шударга ёсыг тогтооход нь тусалж дэмжээд, ах нам шиг ажиллавал дээр биш үү. Цөөхөн ч гэсэн МАН-ын төлөө саналаа өгсөн хүмүүс тэр үед баярлах байх.
Л.Энхдэлгэр  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш