logo
Ялагдаж сур, Ардын намынхаан

Ялагдаж сур, Ардын намынхаан

2012/07/02
УИХ-ын 2012 оны сонгуулийн албан ёсны дүн хараахан гараагүй ч урьдчилсан дүнг Сонгуулийн ерөнхий хороо хоёр удаа танилцууллаа. Тэдний танилцуулсан болон улс төрийн намуудын мэдээлж буйгаар Ардчилсан нам хамгийн олон санал авчээ.Товчхондоо Монгол ардын нам ялагдсан байна. Нийт сонгогчдын 399 мянга 194 нь Ардчилсан намд санал өгч, ялалтыг тэдэнд авчирлаа. Нийт сонгогчдын хамгийн их буюу 35,32 хувийн санал авснаар ийнхүү ялах нь тодорхой болжээ. Ард түмэн Ардчилсан намд хоёр дахь удаагаа итгэл өглөө. Ардчилсан намынхан ялалтын баяраа тэмдэглэж байгаа бол харин Ардын намынхан ялагдлаа тэвчиж чадахгүй сууна.
Ардын намынхан өөрсдийгөө 91 жилийн арвин намтартай, улс төрийн тулхтай хүчин хэмээдэг. Олон жилийн туршлагатай, тулхтай хүчин юм бол сонгуулийн үеэр ч ах нам шиг загнах ёстой. Унаж, босох, ялж, ялагдах нь улс төр хэмээх хатуу тоглоомд байнга байдаг үзэгдэл. Ардын намынхан байнга нэг жимээр явах учиргүй. Тэд ч ялагдаж үзэх ёстой, ялагдлаа хүлээн зөвшөөрч ах намын буурь заах ёстой. Иргэд сонгогчид ч тэднээс ийм зүйл хүлээж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй биз.
Тэд сонгууль луйварддаг хэзээний гаршсан аргаа хэрэглэхээр сонгуулийн албан ёсны дүнг танилцуулахад саад учруулж байна. Саналын хуудсыг гараар дахин тоолох ёстой гэсэн шаардлага тавив. Автомат машинаар тоолсон саналын хуудсыг гараар дахин тоолж шалгаж үзэх юм гэнэ. Будилаангүй сонгууль хийе, түргэн шуурхай сонгуулийн дүнгээ гаргая гэж автомат машин худалдаж авсан биз дээ. Гараар тоолох байсан юм бол автомат машин гацна, гацахгүй гэж хаваржин хэрэлдэж, 24 тэрбум төгрөг салхинд хийсгэх шаардлага байсан уу гэдгээ сайн бодох ёстой байх. Хайран мөнгө. 24 тэрбумаар хэдэн машин худалдаж авч зардал чирэгдэл болж, хэрүүл шуугиан тарих хэрэг байсан уу. Автомат машинаар тоолсон саналын хуудсыг тойрог бүрээс хоёр хэсгийн хороог сонгож гараар дахин тоолсон. Ингэж хяналтын тооллого хийх тухай Сонгуулийн ерөнхий хороо журмаар зохицуулсан юм. Хяналтын тооллогын үеэр автомат машины дүнтэй гараар тоолсон дүн яв цав тулж байжээ. Тэгэхээр өмнөх сонгуулиудыг хүн будилуулдаг байсан нь тодорхой байна. Техник будилдаггүй, хүн будилуулдаг гэдэг нь нотлогдлоо гэж Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд ч мэдэгдсэн юм.
УИХ-ын 2012 оны сонгуулийн албан ёсны дүнг улсын баяр наадмын дараа танилцуулах нь тодорхой байна. Учир нь нийслэллийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явуулна. Тус дүүргүүд хамгийн олон буюу гурван мандаттай тойрог. Гурваар гарсан нэр дэвшигчийн авсан саналын хувь 28-д хүрэхгүй байгаа учир дахин санал хураалт явуулах юм. Дахин санал хураалт энэ долоо хоногт болох төлөвтэй байна. Сонгуулийн ерөнхий хороо санал хураалт явуулснаас хойш 15 хоногийн дотор албан ёсны дүнг мэдээлнэ. Энэ жилийн улсын баяр наадмаар бараг долоо хоног бүх нийтээр амрахаар байгаа юм. “Чоно борооноор” гэдэг шиг эрх баригчид улсын баяр наадам, Цагаан сар, шинэ жилийг далимдуулан булхай, луйвар хийж сурсан хүмүүс. Ард түмний анхаарал өөр зүйлд чиглэсэн үед нууц зүйл хийхдээ гаршсан улс. Энэ бол тэдний гэм биш зан нь. Энэ жилийн улсын баяр наадмыг далимдуулан сонгуулийн дүнг будилуулах өөрсдөдөө ашигтай байдлаар эргүүлэх мэргэн санаа олчихсон суугаа биз. Унтаад сэрэхэд л сонгогдоогүй хүн ялчихсан, ялсан нэг нь хасагдчихсан хуучны нэгэн жишээ байдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Монголчууд бид дэнж хотойтол наадаж, амарч зугаалж явах зуур эрх баригчид сонгуулийн дүнг өөрчилж магадгүй. Тэдэнд мад тавиулахгүйн тулд сонор сэрэмжтэй байхад илүүдэхгүй биз.
2004 онд “Эх орон ардчилал” эвсэл ялахад ч тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН хожигдчихоод хошуугаа унжуулж, янз бүрийн арга чаргаар сонгуулийн дүнг будилуулахыг санаархаж байсан. Ах нам л юм бол ахын дайны буурьтай байж сурах хэрэгтэй. Хожигдчихоолд хошуугаа унжуулж уйлдаггүй, юм үзэж нүд тайлсан тулхтай хүчин шиг байх хэрэгтэй. Ялагдчихаад шарлахалгүй тахимаа өгөөд явах хэрэгтэй. Ардын намынхан ялагдаж сур. Ялагдлаа хүлээн зөвшөөрөх нь улс төрд байх соёл мөн. Тэр тусмаа 91 жилийн түүхтэй тулхтай, буурь суурьтай улс төрийн хүчинд ийм хэмжээний соёл заавал байх ёстой. Ард түмний сонголтыг хүндэтгэх соёл бас байх хэрэгтэй. Ард түмнийхээ сонголтод итгэхгүй, тэдний хийсэн сонголтыг өөрчилнө гэвэл санасны гарз. Ард түмэн мөнгөнд хууртдаг, худал амлалтад хошгирдог сайхан цаг үе өнгөрсөн. Тэд өөрсдийнхөө ирээдүйд гэрэл гэгээтэй зүйл хийж чадах, тийм бодлого хөтөлбөртэй, шинэ бодлого боловсруулж чадах хэт хуучраагүй улс төрийн хүчинд итгэж саналаа өгсөн байж таарна. Ард түмнийхээ сонголтыг хүндэтгэж, улс төрийн соёлтой байх хэрэгтэй. Мэддэггүй юм бол улс төрийн соёлоос суралцаж, туршлага судлах хэрэгтэй.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш