-Ил захидал-
Монголын төрт ёсны уламжлалаар түмэн олны итгэл хүлээж сонгогдсонд тань баяр хүргэе. Энэ сонгуульд та юу бодож, юунд зорьсон байсан ч энэ удаа танд Монгол орны орших эс оршихуй болон Монгол хүний нэр хүнд, үнэ цэнэ, хөгжил дэвшлийн төлөө маш их зүйлийг хийж болох боломж олдлоо. Энэ бол аз завшаан гэхээсээ түүхэн боломж. Маш олон Монголчууд танаас юу хүсч байна? Гээч:
Нэгэн зүйл: Монгол эх орны газар нутгийн төлөө
Төв Азийн цээжнээ орших дэлгэсэн тэргэл шиг энэ л Монгол нутагтаа монголчууд бид төрж өсөж, унаж босч, хөгжиж дэвжиж, эцэстээ энэ л газар шороондоо шингэдэг. Энэ л газар нутаг дээр бид ээж аавдаа эрхэлж, бас зэмлүүлж, хэн нэгэнд дурлаж, үүнийхээ төлөө эрхэлж шаналж, өөрийн босгосон амьдралынхаа ачааг үүрч, үр хүүхдүүдийнхээ төлөө уярч нялхарч, Монгол хүн гэдгээрээ бахархан омогшиж амьдарцгаадаг. Үүрийн бүүдгэр гэгээнээр мориндоо мордон, уургын уртыг суналзуулан, хээр талыг сэртэл исгэрч, талаар тархан бэлчэх мал сүргээ хаяа нь шуулттай гэрийн хормойгоор ажин хэвтэхүйеэ энэ нутгийн эзэн гэдгээ мэдэрдэг. Сүү саалинд бялхсан сав юугаа ажихуйяа ямар их баян гэдгээ мэдэрдэг үндэстэн энэ дэлхийд бий гэж үү?
Хатуу ширүүн ч гэлээ энэ л нутагтаа монголчууд бид тааваар нүүдэллэн, ган зуд, угалз шуурга, үер усны болон гал түймрийн гамшигийг сөрж давж ирсэн. Бид энэ нутгаасаа хэзээ ч холдож байсангүй. Монголчууд бидэнд өдгөө хүртэл өвлөгдөн ирсэн энэ л газар шороонд аугаа өвөг дээдсийн минь шарил амар амгалан нойрсож байгаа, маргаашийн нэгэн өдөр бид ч эндээ нойрсох болно. Учир иймд энэ л газар шороог харийнханд бүү худалдагтун, хөрсөнд нь цөмийн хаягдал бүү булуулагтун. Хөрсөн доорх алт эрдэнэсээр бус, хөрсөн дээрх онгон дагшин байгаль, аугаа түүх дурсгалын гэрчүүдээрээ бид сайхан амьдарцгааж чадна. Хэн нэгний өчүүхэн шуналаасаа болж арилжигдаж, харийнхны мэдэлд орсон газар нутгаа аврагтун, хөрсийг нь хуулж баялгийг нь гадагшаа хямдхан зөөж байгаа бусармаг үйлдлийг залруулагтун. Монгол эх орон минь байхад диваажин бидэнд хэрэггүй.
Нэгэн зүйл: Монгол хүний нэр хүнд болон үнэ цэнийн төлөө
Үеийн үед цөөхүүлээ байсан ч бахдаж бахархам түүхтэй ард түмэн билээ, монголчууд бид. Бусад олон үндэстний адил өөрийн гэсэн өв соёл, зан заншил, өвлүүлэн үлдээх уламжлалтай билээ монголчууд бид. Уртын дууг минь сонсож байгаа нэгэн, аялгуу нь тэнгэрт хүрч тасарч байгааг гайхдаг. Хоёрхон чавхдастай морин хуур хөгжимд хорвоогийн бүх л гайхамшигт аялгууг эгшиглүүлж байгааг сонсоод биширдэг. Босоо монгол бичгийг нь толгой дохилзон уншихдаа монгол хүн босоо заяатай гэдэгт итгэдэг. Моринд эрэмгий монгол эр хүн, уудам талаараа салхи татуулан давхихдаа хорвоогийн олон өнгийг, амьдралын эрээн барааныг эргэцүүлж амждаг. Тиймдээ тэд уул шигээ сүрлэг, тал шигээ уужимхан, говь шигээ дөлгөөхөн байж чаддаг. Сүү саалийн үнэр амтанд сүлэлдэж өссөн монгол бүсгүйчүүд яг л сүү шигээ цагаахан, ариухан байж чаддаг.
Цөөхүүлээ мөртлөө мөхөж үзээгүй ард түмний үр сад бид, энэ цаг дор бие биенээ хайрлаж, дэмжиж, итгэж байж л хөгжинө. Бидэнд маш олон боломжууд байгаа. Тэдэнд бэлэн мөнгө тарааж залхуу болгох муу аргаа болиулагтун. Баяр болгоныг тэмдэглэж сархадад живүүлж буй муу үйлдлээ залруулагтун. Тэднийг мунхаг хэмээн бодож элдэв мууг тэдний өмнө бүү үзүүлэгтүн. Гаднаа онгиргон мэт боловч дотор сэтгэлд нь гал асч байдаг тэдэнд итгэл хэрэгтэй байна. Сэтгэл зүрхэндээ эх орноо тээж явдаг тэдэнд Монголдоо шударгаар амьдрах боломж хэрэгтэй байна. Сайн яваа бусдыг хүлээн зөвшөөрч, мундаг яваа нэгнээс үлгэр авч, өчүүхэн боломж бүрт бие биенээ дэмжиж сурах хэрэгтэй байна. Үүний тулд та нар амлсанаа биелүүлэгтүн, бас өөрсдөө үлгэрлэгтүн. "Нэг ч гэсэн монгол хүн мундаг явж байна, яамай даа" гэж бодож бахархаж чаддаг ард түмэн билээ, монголчууд бид.
Нэгэн зүйл: Хөгжил дэвшлийн төлөө
"Би монгол хүний саруул ухаанд итгэдэг" гэж С.Зориг агсан тэр цагт хэлж байсан шиг, өдгөө цагт монгол хүний саруул ухаан, авьяас чадварт дэлхий нийтээрээ итгэдэг болж байна. Оюутолгой, Таван толгой бусад олон баялагуудыг гадагшаа мөнгө болгон арилжсанаар бид баяжихгүй, бас сайхан амьдрахгүй. Монгол орны хөгжил дэвшлийн тулгуур багана нь монгол хүн өөрөө юм. Бид хар бага наснаасаа л өөрөөрөө, эх орноороо, түүхээрээ бахархаж, энэ хорвоод монгол хүн болж төрсөн хувь заяандаа талархаж чаддаг болж гэмээ нь, бас ямагт эрүүл саруул, ухаан төгөлдөр байж гэмээ нь хөгжиж чадна. Хүн болгон л өөрсдийн амьдралаа өөрөө авч явж чаддаг болж гэмээ нь бид хөгжинө. Баялгийг хүн л бүтээдэг. Тэр тусмаа өнөөгийн монголчууд бид өөрсдөө баялгаа бүтээж чадна. Яагаад гадныхнаас дутуу гэж биднийг басамжилна вэ?
Эрхэм төрийн түшээд ээ. Монгол хүний хөгжлийн төлөө бүх анхаарлаа хандуулагтун. Боловсролын салбараа шинэчилж, дэлхийн хэмжээнд дөхүүлэх, аажмаар хүргэх хэрэгтэй байна. Эрүүл мэндийн салбараа өөрчилж, монголчуудаа эх орондоо найдвартай эмчилж, эрүүл байх арга замыг олноор зааж сурган, ийм боломжуудыг бий болгох хэрэгтэй байна. Баар цэнгээний газруудаа цөөлж, бялдаржуулах, чөлөөт цагаа гэр бүлээрээ хамтдаа өнгөрөөх олон газруудыг байгуулах тийм ч хэцүү биш. Хуулийн дарангуйллаа өөрчилж, хүн болгон хуулийн өмнө яг адилхан байх хатуу шаардлагыг тогтоогтун. Энэ бол хүмүүс төрдөө болон өөртөө итгэлтэй, айдас ичгүүргүй амьдрах боломж. Бас хүн болгоны өөрийн хүссэнээрээ амьдрах боломж. Хүн болгон ажил хөдөлмөр эрхэлж, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байж л хамтдаа хөгжицгөөнө. "Иргэн баян бол улс баян" гэдэг билээ.
Нэгэн зүйл: Шударга ёс, хариуцлагын төлөө
Ардчиллаас хойшхи олон олон сонгуульд та нар амлацгаасан. Боломж биш, мөнгө амласан хэрнээ амлалтаа биелүүлээгүй. Бас нийгэмд шударга байдал бус авилгалын "аалзны тор" мэт сүлжээг бий болгожээ. Монгол оронд төрийн алба бизнес болон хувирч, Монголын баялгийг харийнханд худалдах, баялгийн тэгш бус хуваарилалтын төлөө өрсөлдөөн нэгэнт бий болжээ. Хууль бус аргаар баяжих тусмаа эрх баригчид улам улмаар даварч, нийт олны дунд хоосон гайхуулах, зиндаархах, бие биенээ өмссөн зүүсэн хувцас, эдэлж хэрэглэж байгаа бүхнээр нь ялгаварлан гадуурхах их хийрхэл солиорлыг бий болголоо. Монголын нийгэмд мөнгө ноёрхож, мөнгөөр бүх асуудлыг шийддэг муу зуршлыг бий болголоо. Мөнгөөр "ял худалдаж", мөнгөөр диплом худалдан авч, мөнгөөр албан тушаал худалдан авч, мөнгөөр газар нутгаа худалдаж, мөнгөөр биеэ үнэлж, мөнгөөр... мөнгөөр маш олон зүйлийг, тэр ч бүү хэл хүн чанарыг ч худалдаж байна. Энэ бүхэнд л эгэл жирийн хүмүүс бухимдаад байгаа хэрэг.
Дахин дахин сонгогдож байгаа архаг гишүүд ээ, та нар бий болгосон энэ заваан тогтолцоогоо залруулагтун. Та нар хэдийгээр амлалтаа биелүүлэхгүй байгаа, үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа ч "төрд олон жил зүтгэсний хэрээр арай жаахан ухаан суусан болов уу?" хэмээн горьдохдоо л дахин сонгож байгаа хэрэг. Та нарыг өөрсдөө ийм заваан байдлаас залхаж байгаа байх гэж горьдон итгэж байна. Одоо бол амлалт тань сүүлийнх. Бид одоо ямагт хариуцлага нэхэх болно. Амлалтаа биелүүлээгүйн төлөө, ахиад заваан зүйлийг хөгжүүлснийх нь төлөө та нарыг шоронд суулгах ч багадна. Хууль бусаар хурааж цуглуулсан бүхнийг тань хурааж авах ч юу ч биш. Зүгээр л бид шударга байдал, хариуцлагыг заавал бий болгоноо. Өнөө эс гэхэд маргааш. "Хэрэг хэзээ ч хуучирдаггүй".
Нэгэн зүйл: Чин сэтгэл
Энэ сонгууль шударга бас шударга бус болсон тухай үнэндээ сонирхохгүй байна. Харин та нарыг одоо хэрхэн ажиллаж, юу хийхийг тань сонирхож байна. Мэдээж одоо бол сонгуульд ялсаныхаа төлөө болор хундагануудыг харшилдуулж, зусрын үгэнд согтож, хөлчүүрсэн ухаандаа манантан будантаж байгаа байх. Магадгүй зарим нь мөнхийн амьдралд хүрсэн мэт, амьд явсаны хэргээ бүтээсэн мэт, хаан ширээнд суусан мэт санаж даралт тань савлаж л байгаа байх. Харин нэг л зүйлийг "энэ бол хариуцлага" гэдгийг цөөхөн зарим нь санаж түгшиж л байгаа байх.
Хүн ер нь ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийхгүй бол амжилтад хүрдэггүй. Бас эрх мэдлийг заавал хилэнц дагалдаж явдаг. Та шараа тайлж байгаад сэтгэлээ нэг чагнаж үз дээ. Монгол газар нутаг, монгол хүний нэр хүнд, үнэ цэнэ, хөгжил дэвшил, шударга ёс хариуцлагын талаар юу бодогдож байна даа?
Тийм ээ, та нар бүгдээрээ гайхамшигтай хүмүүс, эсвэл муу хүмүүс биш. Та нар монгол хүмүүс. Та нарт Монгол эх орон аугаа түүхийн өмнө гавьяа байгуулах, гай тарих бүх боломж тань бий боллоо. Нэгэнт сонгосон болохоор та нарт итгэж байнаа. Бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийгээрэй гэж хичээнгүйлэн гуйя. Зөвхөн та нар төдийгүй, монгол хүн болгон баяжиж чадвал, Монгол орон баяжиж хөгжиж чадах болно, гэхдээ шударгаар шүү дээ. Амаргүй байх боловч Монгол орны төлөө гэсэн чин сэтгэл байвал хийж байгаа болгоныг тань дэмжих хүмүүс заавал олдоно. Магадгүй энэ нь монголчууд бидний олон жил хүсээд байгаа эв нэгдлийн эхлэл болох ч юм билүү. Танд ч бидэнд ч ганцхан эрх ашиг бий. Энэ бол Монгол орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, монгол хүн бүрийн эрх чөлөө, хөгжил дэвшил юм.
Та нарт чин сэтгэлээсээ амжилт хүсье
Харнууд очгийн Г.Галбадрах