Энэ нэгдлийг дэмжих зорилгоор 110 тэрбум төгрөгийн бонд хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргах саналыг Засгийн газраас гарган “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлснийг Эдийн Засгийн байнгын хорооны гишүүд өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд хэлэлцэх нь зүйтэй, шийдэх хэрэгтэй хэмээн үзлээ. Засгийн газрын 110 тэрбум төгрөгийн бонд хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргаж, түүгээр ноолуур гүн боловсруулах үйлдвэрүүдэд түүхий эдээ бэлтгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм байна. Ингэхдээ арилжааны 4-5 банктай хамтран ажиллах бөгөөд нэгдлээс компаниудад мөнгийг хуваарилах гэнэ.
Боловсруулаагүй ноолуурт ногдуулдаг байсан экспортын татварыг тэглэсэн болон БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай анхан шатны үйлдвэрүүд олноор байгуулагдсанаас шалтгаалан сүүлийн жилүүдэд угаасан болон түүхий ноолуурын экспорт нэмэгдсэн байна. Өнгөрсөн жил л гэхэд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд 4900 тонн түүхий ноолуурыг угаасан хэлбэрээр татваргүй экспортолж, харин үндэсний үйлдвэрүүд 700 орчим тонн ноолуур худалдан авч бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэсэн тооцоо байгаа юм байна.
Манай улс сүүлийн жилүүдэд жилдээ дээд тал нь 7000 орчим тонн ноолуур бэлтгэж байгаагийн 2.8 мянган тонныг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх хүчин чадал суурилагдсан боловч ноолуурын үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгийн дутагдлаас шалтгаалан ноолуурын 20 орчим хувийг гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж.
Ноолуурын салбарт энэхүү дэмжлэгийг үзүүлснээр тус салбарын одоо ажиллаж байгаа 6000 гаруй ажлын байр хадгалагдаж, шинээр 1600 гаруй ажлын байр бий болон, 250 гаруй тэрбум төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үүний 80 орчим хувийг экспортод гаргах боломжтой гэсэн тооцоог гаргажээ.
Г.Бүрэнжаргал