logo
Импортоор оруулж ирэх хүнсний ногоонд татвар ногдуулахыг дэмжлээ

Импортоор оруулж ирэх хүнсний ногоонд татвар ногдуулахыг дэмжлээ

2011/05/03
 “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай” УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг Төсвийн байнгын хорооны гишүүд өнөөдрийн хуралдаанаараа 100 хувь дэмжлээ. Энэхүү тогтоолын төсөл батлагдвал сонгино, байцаа, шар лууван, шар манжингийн гаалийн албан татварын хувь хэмжээ Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Ярант, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арц суурь, Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор 7 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1 хүртэл 15 хувь, 4 дүгээр сарын 1-нээс 7 дугаар сарын 1 хүртэл 5 хувь, бусад боомтоор импортолсон бол жилийн турш 15 хувь болох юм. Засгийн газраас дээрх тогтоолын төслийг боловсруулахдаа дотоодын хүнсний болон өрхийн аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, нэгэнт бий болсон ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх, дэлхий нийтийн анхаарлын төвд байх болсон хүнсний аюулгүй байдлыг хангах зайлшгүй шаардлагад үндэслэсэн хэмээн ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай тайлбарласан юм.

2010 оны ургацын дүнгээр хүн амын хэрэгцээт гурилын 100 хувь, хүнсний ногооны 53.7 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлсэн байна.

Сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэлд техник, технологийн шинэчлэл хийх, усалгаатай тариалан эрхлэх зэрэг үйл ажиллагаанд улсын төсвөөс хөрөнгийн болон бодлого, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж, улсад болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн буудайнд мөнгөн урамшуулал олгох болсон зэрэг нь улаан буудай тариалах талбай, хураах ургацын хэмжээг тогтвортой өсгөх сонирхлыг тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд бий болгосон байна. 2011 оны эхний байдлаар дотооддоо 143.3 мянган тонн гурил үйлдвэрлээд байгаа нь 2008 оныхоос 2.2 дахин их, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36 хувиар өссөн дүн гарчээ.

Үндэсний үйлдвэрлэгчид ч хүнсний ногооны импортын татварыг нэмэгдүүлэх саналыг удаа дараа тавьсаар ирсэн байна. Энэхүү бодлогыг баталснаар олон улсын худалдааны байгууллагын гэрээтэй зөрчилдөхгүй хэмээн сайд хэллээ.  
Г.Бүрэнжаргал

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш