logo
Шүрэн түрийвч /Шог өгүүллэг/

Шүрэн түрийвч /Шог өгүүллэг/

2012/07/03
Балмаг гэрээсээ гарч яваад явган хүний зам дээр хэвтэх “бандайсан” улаан түрийвчийг хараад зог туслаа. Хэн нэг салан баавгай гээсэн нь гарцаагүй. Ийш тийшээ чандага шиг бүлтэлзэн харвал ойр хавьд зуун метрийн дотор амьд ялаа ч алга. Түүнээс ердөө хэдхэн алхмын цаана улаан шүрээр бүрсэн эмэгтэй хүний “гахай” шиг чихсэн бандгар түрийвч илч муутай өглөөний нарны гэрэлд “Олсон доо олсон доо. Олзоо аваач ээ” гэх шиг нүдэнд торно.

Түүнээс өөр хүн байсан бол оготно шүүрэх элээ шиг энэ бэлэн “олз”-ыг аль хэдийн шүүрээд авчихсан байгаа. Тэгтэл Балмаг тийм овсгоотой “анчин” биш санж. Эргэн тойрноо дахин нягтлан сайн харлаа. Түүнийхээр бол хэн нэгэн зориуд түүнээр тоглоод, алсаас нууцаар хараад байгаа мэт санагдана.

Замын цаадах болон гэрийнхээ орчмын байшин сав руу болгоомжлон ажлаа. Эсрэг талын модон дээр ганц хөгшин хэрээ мөчир дээр суугаад Бадаргуулт төрийн үед манжийн хаан Богдын хүрээнд морилон ирсэн түүхийг бодоод үүрэглэх нь харагдана. Тэртээд хөх тэнгэрт цэг шиг харлах сохор элээ жигүүрээ дэлгэн шүхэрч Буниа шиг нисэн дүүлнэ.

Бөртийх ч үүлгүй цэлмэг тэнгэрт өөр локаторт “баригдах” шумуул ч үгүй. Гэхдээ Балмаг дэндүү хашир хүн л дээ. Тэр харцаа дээшлүүлэн агаар мандлыг ч нэвтлэн харах мэт толгойгоо өөд нь гилжийлгээд нухацтай “шүүв”. Сансрын хиймэл дагуул ч харагдсангүй. Агаараас ямар ч аюулгүй гэдэгт эцсийн эцэст тэр бүрнээ итгэв. Одоо “газар” дээрхи асуудлыг шийдэх хэрэгтэй гэдэгт түүний оюун ухаан санаа шулуудлаа.

Ойр хавийн байшин барилгын цонхоор түүнийг онцлон ажиглах “онцгой объект” алга бололтой. Гэвч Балмаг ойролцоох барьж буй барилга руу дахин харцаа шилжүүлэв. Зурагтын “дэггүй багачуул” түүнээр дамшиглан, тоглож байх вий гэж хар буулаа. Түрийвчнээс утсаар уяад яг шүүрч авдагын даваан дээр суга татаад оройн нэвтрүүлгийн “зугаа” болгох вий гэж хаширлав. Нүдээ хөхөртөл зөндөө ажлаа.

Энэ удаа камер барьсан хүнээр тоглодог дамшигууд азаар алга байгаа нь илт. Түүний харц одоо зөвхөн бандгар түрийвчин дээр туслаа. ”Үнэхээр дотор нь юу байгаа бол? Түнтийтэл чихсэнийг нь харахад овоо хэдэн төгрөг байгаа даа. Мянгат уу? Таван мянгатууд уу? Арван мянгатууд уу? Эсвэл зуутын “ногоонууд уу, евро юу? Английн фунт стерлинг юм бол уу? Өнөөдрийн ханш ямар байгаа бол?Монгол банкаар бодсон нь дээр үү, Голомтынхоор бодох уу? ХХБ, ХААН банкны аль нь дээр бол? Өөр ямар банк байдаг билээ? Капитрон, Хас, Даатгал...өөр Шуудан, Хадгаламж, Капитал...аа тийм, Улаанбаатар банк, Зоос, Анод...Золиг чамайг, зарим нь дампуурсан юм байна шүү дээ...

Тэгэхээр найдвартайгаар нь Монгол банкны ханшаар бодох уу?Авах нь хэд байгаа бол евро? Еврогоор бодсон нь ашигтай юу, английн фунтээр бодох уу? Швейцарийн франк ч бас дажгүй ханштай гэлцдэг. Нэг франк доллараас хэдээр илүү байгаа бол? Ингэхэд энд хичнээн тооны юм байнаа? Хорин мянган доллар уу? Бишээ английн фунт. Нэг фунт хоёр мянган төгрөг. Үржүүлэх нь хорин мянга гэдэг чинь дөчин сая төгрөг. Зөв үү? ”Балмаг халааснаасаа гар утсаа гаргаж шалгав. ”Тиймээ, дөчин сая...Дөчин сая ч дээ. Нэг өрөө байрны мөнгө хүрэх үү? Хэрэв түүнээс их байвал яах билээ. Гучин мянга...дөчин мянга...дээр нь бас Виза карт. Мастер карт ч байвал яана. Үгүй алтан карт. Ура ! болж байна...” гэж бодуут Балмаг өөрийн эрхгүй хоёр хөл нь урагш тэмүүлж, шүрэн түрийвчийг авахаар явдлаа түргэсгэв.

Гэнэт түүний тархинд “Мөнгө биш байвал яана. Эмэгтэй хүний баахан нүүр гарын будаг шунх, хумсны лак, уруулын будаг чихээстэй байвал яах вэ?” гэсэн бодол зурсхийв.”Үгүй бол хүн хуурах гээд баахан хэрэгтэй хэрэггүй цаас чихчихсэн байвал дүүрлээ. Эсвэл үнэт ээмэг бөгж байна уу? Алт байх нь тодорхой. Алмааз байвал хир хэмжээний юм байгаа бол? Нэг унци алт чинь одоогийн ханшаар хэд билээ?”. Гэтэл хоёр бүсгүй хаанаас ч юм бэ гарч ирчихсэн “Хүүе хүүе, энд байна. Тэр ахын хөлийн цаана...”” Хаана? Өө,би энд хаясан гэж бодож байсан. Яг шүү.” гэлцэн баярлан хөөрөлдөх нь сонсогдоно.

Балмаг ичсэндээ хоёр бүсгүйн дэргэдүүр нуруугаа бөгтийлгөн өнгөрөхдөө хяламхийж ч харсангүй, гэм хийсэн “гэмтэн” шиг шурдхийн өнгөрөхөд ард нь үлдсэн хоёр бүсгүйн “Бүрэн байна уу?”” Бүрэн байна. Яг найман зуун мянга байна” гэх дуу тодхон сонсогдов.

Даваажавын Эрдэнэмөнх 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш