logo
Венесуэлд ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ

Венесуэлд ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ

2012/07/05
Ням гаригт Венесуэлын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Гурван сарын дараа болох сонгуульд одоогийн ерөнхийлөгч Уго Чавез, сөрөг хүчний намын улстөрч Энрике Каприлес нар өрсөлдөнө. Чавез Карабобо мужид сонгогч дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ өөрийн нэрийн хуудас болсон дугуй малгайгаа өмсчээ. Улсынхаа далбаа болон Чавезын зургийг барьсан иргэд одоогийн ерөнхийлөгчийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. 
1999 оноос хойш ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Чавез 10-р сарын долоонд болох сонгуульд ялалт байгуулбал бүрэн эрхийн хугацаа нь дахин зургаан жилээр сунгагдана. 57 настай ерөнхийлөгч сонгуулийн сурталчилгааны ажлаа эхлүүлэхээс өмнө хэдэн сарын турш хавдраа эмчлүүлсэн билээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт биеийн байдал нь сайн байгаа гэж мэдэгджээ. Зарим санал асуулгын дүнгээр Чавез өрсөлдөгчөөсөө 20 хувийн саналаар илүү явж байна. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт явуулсан нэгэн судалгааны дүн хоёр нэр дэвшигч бараг адилхан саналтай байна гэж гарчээ.
Чавезын өрсөлдөгч Энрике Каприлес зүүн өмнөд хэсгийн Боливар, баруун хэсгийн Зулиа мужуудаас сурталчилгааны ажлаа эхлүүлсэн байна. 39 настай мужийн захирагч хоёрдугаар сард анхан шатны сунгаанд ялалт байгуулж Чавезтай өрсөлдөхөөр болсон юм. Тэрээр сурталчилгааны ажлаа аль хэдийн эхлүүлээд байжээ.
Чавез дахин сонгогдвол социализмыг цаашид хөгжүүлнэ гэдгээ амласан байна. Тэрээр газрын тосны салбараас орж ирдэг орлогын тусламжтайгаар орлого багатай иргэдэд чиглэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлснийхээ ачаар нэр хүндтэй байсаар байгаа юм.  Харин Каприлес болон сөрөг хүчний улстөрчид Чавезын хэрэгжүүлсэн бодлогууд эдийн засгийг зогсонги байдалд оруулсан, гадны хөрөнгө оруулалтыг  татах чадварыг бууруулсан гэж мэдэгджээ.
Каприлес Чавезын засгийн газар хувийн компаниудад шахалт үзүүлж байгааг шүүмжлээд сонгогдвол ажлын байрыг бий болгохын тулд хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахаа амласан байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш