logo
Америкийн Нью-Йорк мужид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрлөө

Америкийн Нью-Йорк мужид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрлөө

2011/06/28
Америкийн Нью Йорк муж ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрсөн хамгийн их хүн амтай зургаа дахь муж болжээ. Ардчилсан Нам давамгайлдаг доод танхимаар батлагдаад байсан ижил хүйстнүүдийн гэрлэх эрхийн талаарх хуулийн төсөл тус мужийн сенатаар дэмжигдсэн байна. Нью Йоркийн амбан захирагч Эндрью Куомо уг хуулийн төслийг хурдан хугацаанд баталжээ. Нью Йорк ижил хүйстнүүдийн гэр бүл болох эрхийг хааж боогдуулж байсан саад тотгорыг авч хаялаа гэж тэрээр мэдэгдсэн байна. Ийнхүү 30 өдрийн дараахнаас ижил хүйстнүүд хуримаа хийж эхлэх гэнэ. Ирэх жилийн ерөнхийлөгчийн болон конгрессийн сонгуулийн өмнө ижил хүйстнүүдийн гэрлэлт нь нийгмийн маргаантай асуудлуудын нэг болоод байгаа юм. Хуулийг баталсан нь бидний хувьд ялалт боллоо гэж ижил хүйстнүүдийн эрхийн төлөө ажилладаг идэвхтнүүд хэлж байна. Харин Нью Йоркийн Католик сүмийн хамба нар ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрсөнд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Баяртай мэдээ дуулсан ижил хүйстнүүд өчигдөр үдээс хойш Нью Йорк хотын гудамж талбайд баярын жагсаал хийжээ. Зохион байгуулагчдын хэлж байгаагаар жагсаалд хагас сая орчим хүн оролцсон байна. Хүмүүс амбан захирагч Куомод талархаж байгаагаа илэрхийлсэн лоозон барьжээ. Жагсаалд оролцсон Дэвид Фриенд хэлэхдээ энэ хуулийг баталсан нь Америк дахь тэгш эрхийн хувьд үсрэлт боллоо гэсэн байна. Бид найман жил гаруй хугацаанд хамтдаа амьдарсан, миний ах дүү нар бүгд гэрлэчихсэн, бид ч гэсэн  тэдэнтэй адил гэрлэж болохгүй гэсэн шалтгаан байхгүй, Нью Йоркт нийгмийн шударга байдал эргээд бий болж байгаа нь гайхалтай, энэ нь эрх тэгш байдлын төлөөх тэмцэлд томоохон алхам боллоо гэж тэрээр нэмж хэлжээ. Еврей гаралтай Чайм Левит хэлэхдээ миний бодлоор энэ үнэхээр гайхалтай, Би ижил хүйстэн хүний хувьд Нью Йоркоор бахархаж байна, би энд өсч торнисондоо, энд байгаадаа  бахархаж байна, одоо бид хүссэн хүнтэйгээ гэрлэж болно, яагаад гэвэл одоо бид бүгд тэгш эрхтэй гэсэн байна.  
Нью Йорк мужаас гадна Коннектикут, Айова, Массачуссетс, Нью Хэмпшир, Вермонт мужууд болон Вашингтонд ижил хүйстнүүд гэрлэхийг зөвшөөрдөг байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш