logo
Пакистаны удирдлагууд Афганистаны чиглэлийн замыг дахин нээхээр боллоо

Пакистаны удирдлагууд Афганистаны чиглэлийн замыг дахин нээхээр боллоо

2012/07/05
Мягмар гаригт Пакистаны Мэдээллийн яамны сайд Камар Заман Каира НАТО-гийн шатахууныг тээвэрлэхэд ашиглагддаг Пакистан Афганистаныг холбосон замыг дахин нээхийг засгийн газар зөвшөөрсөн гэж мэдэгджээ. Каирагийн хэлснээр өнгөрөгч 11-р сард НАТО-гийн агаарын дайралтын үеэр Пакистаны армийн 24 цэрэг амь үрэгдсэн явдалд Америкийн тал уучлалт гуйсны дараа засгийн газрын батлан хамгаалах асуудал хариуцсан хороо замыг нээх шийдвэрт хүрсэн байна. Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Пакистаны гадаад хэргийн сайд Хина Раббани Хартай утсаар ярих үеэрээ Пакистан цэргүүд амь үрэгдсэнд харамсаж байгаагаа илэрхийлжээ.
Энэ хэрэг нь Вашингтон Исламабадын харилцааг улам таарамжгүй болгосон юм. Пакистаны тал замаа хаасны дараа Америк болон түүний холбоотнууд Афганистан руу илүү тойруу замаар хангамжаа тээвэрлэхээс өөр аргагүй болсон аж. Шинжээч Идрис Бахтиарын хэлж байгаагаар Америкийн тал яг ч уучлалт гуйгаагүй, харамсаж байгаагаа илэрхийлсэн, хоёр улсын засгийн газар энэ асуудал дээр буулт хийцгээсэн  гэнэ.
Америкийн тал Афганистанд жил бүр олон сая долларын тусламж олгодог ч энэ улсад Америкийг эсэргүүцэх үзэл өргөн дэлгэр байдаг юм.
Пакистаны тал Афганистаны чиглэлийн замыг хаасны дараа АНУ  НАТО-гийн хангамжийг Орос, Төв Азиар дамжуулан тээвэрлэж, илүү өндөр өртөг зардал гаргахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Батлан хамгаалахын сайд Леон Панеттагийн мэдэгдсэнээр ийнхүү тойруу замаар тээвэр хийхэд сард 100 сая долларын нэмэлт зардал гарч байжээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш