logo

"Автономит улс болох нь" гэх мэдээлэл ор үндэсгүй гэлээ

2012/07/05
Өнгөрөгч сарын сүүлчээр Оросын зарим цахим хэвлэлээр “Монголия входит в состав России” буюу “Монгол Оросын бүрэлдэхүүнд орох уу” гэсэн нэртэй нийтлэл цацагдсан тухай шуугиж байв.

Тус нийтлэлд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “2014 онд Монгол Улс ОХУ-ын нэг хэсэг болно” гэж мэдэгдсэн тухай бичсэн гэнэ. Энэ талаар Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн атташей А.С.Акулова “Интернэтэд тархсан энэхүү мэдээлэл нь утгагүй, санаанаасаа зохиосон зүйл. Гадаад хэргийн сайд С.В.Лавров хэзээ ч ийм зүйл яриагүй, зарчмын хувьд ярих боломжгүй. Өдөөн хатгасан шинжтэй энэ нийтлэлийг гаргасан цахим хуудас нь өөрсдийн нэр хүндийг өсгөх, анхаарал татахын тулд худал хуурмаг мэдээлэл цацсан. Балмад этгээдүүдийн үйлдлийг дэвэргэж, нийтлэлийн агуулгад онцгой анхаарал хандуулах хэрэггүй гэж бид үзэж байна” гэсэн юм.

Дээрх мэдээллийг үгүйсгэж байгаа ч цахим ертөнцөөр хурдтай тархаж, олон хүний дургүйцлийг хүргэн, үл ойлголцох байдалд хүргэж болзошгүй болоод байгаа юм. Мөн Оросод ажиллаж, сурч байгаа манай иргэд жагсаал хийх гэж байна гэсэн мэдээлэл ч цацагдсан.

МОНГОЛЫН ТАЛААР ЯМАР Ч МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ

Дээрх асуудлаар Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын захирал О.Энхтөрөөс тодрууллаа.

-Монгол Улс 2014 онд ОХУ-ын автономит муж болно гэсэн цацагдаад байна. Энэ хэр үнэний ортой мэдээлэл вэ?
-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлэл огт ор үндэслэлгүй бөгөөд сайтууд нь ч ажилладаггүй. Ажиллаж байгаа нэг сайтад нь ийм мэдээлэл байгаагүй. ОХУ-ын элчин сайдын яамны мэдээлж байгаагаар Сергей Лавров ямар ч мэдээлэл хийгээгүй юм билээ.

-Оросод Монгол оюутан, залуучууд жагсах гэж байгаа талаар ч бичсэн байсан?
-ОХУ-д монголчууд жагсах гэж байгаа нь ч худлаа.

-Энэ тал дээр ОХУ-ын элчин сайдын яам ямар байр суурьтай байгаа вэ?
-Ор үндэслэлгүй мэдээлэл цацаж байгаад харамсч байгаагаа илэрхийлсэн. Харин сонирхсон хүмүүс өөрсдөөс нь хувийн байр суурийг нь авах боломжтой.

-Ажилладаггүй, байдаггүй сайт гэж хэллээ. Дээрх цахим хуудсуудыг нь шалгаж үзсэн үү?
-Нэг нь огт байдаггүй сайт. Нөгөөх нь байдаг ч ийм мэдээлэл тавигдаагүй байсан.

-Дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-ын ерөнхийлөгч асан Д.Медведев, Монгол Улсын Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж нар гэрээнд гарын үсэг зурсан гэсэн?
-Тэр үед ямар ч гэрээ хэлцэл манай хоёр улсын хооронд болоогүй гэдгийг онцолмоор байна. Ийм худлаа мэдээллээс болоод олон улсын харилцаанд сэв суух аюултай учраас аливаа мэдээллийг судалж байж түгээх хэрэгтэй байгаа юм.

Э.Цолмон
Нийгмийн толь сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш