logo
Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжав  танаа

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжав танаа

2012/07/06
Асуудал шийдвэрлүүлэх тухай

Сонгуулийн Ерөнхий Хороо 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн дүнг авч хэлэлцсэн байна.
Энэ хуралдаанаар УИХ-ын сонгуулийн Увс, Орхон, Өвөрхангай аймаг дахь 10, 15, 20-р тойргуудад Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг тус тус удаа дараа зөрчсөн үйлдлүүдийг сонгуулийн тойргийн хороо, шүүх, цагдаа зэрэг хууль хяналтын зохих байгууллагуудаар хянаж хууль зөрчсөнийг нь тогтоосон тул асуудлыг хуульд заасны дагуу эцэслэн шийдэгдэх хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгах Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтад оруулахгүй байх шийдвэр гаргажээ.
УИХ-ын сонгуулийн Увс, Орхон, Өвөрхангай аймаг дахь 10, 15, 20-р тойргуудад Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг тус тус удаа дараа зөрчсөн илэрхий булхайтай үйлдлүүд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүрч, иргэд, сонгогчид энэ тухай хангалттай мэдээлэл авсан билээ.
Гэтэл Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр буюу 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн өглөө дахин хуралдаж өмнөх өдөр гаргасан шийдвэрээ үндэслэлгүйгээр өөрчилж УИХ-ын сонгуулийн Увс, Орхон аймаг дахь 15, 20-р тойргуудын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгах Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтад оруулжээ.
Ардчилсан Нам УИХ-ын сонгуулийн Увс, Орхон аймаг дахь сонгуулийн 15, 20-р тойргуудад Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг тус тус удаа дараа зөрчсөн илэрхий булхайтай үйлдлүүдийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох хуулиудад заасны дагуу шударгаар шийдвэрлэх, Сонгуулийн Ерөнхий Хороо энэ талаар 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрээ хадгалах нь зүйтэй гэж үзэж байна.
Иймд УИХ-ын сонгуулийн Увс аймаг дахь 15-р тойргийн дүнг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтад оруулан Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгасан шийдвэрээ татан авч дахин хянаж шийдвэрлэнэ үү.

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Н.АЛТАНХУЯГ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш