Өнөөдөр Буддын шашны тэргүүн, 14-р Далай лам Данзанжамцын 77 насны төрсөн өдөр тохиож байна. Түүний 77 нас сүүдэр тохиосны баярыг Энэтхэгийн Дарамсала хот руу шилжсэн Түвдийн Засгийн газраас хоёр үе шаттайгаар тэмдэглэхээр болжээ. Ойн баярын өглөөний арга хэмжээг Түвдийн гол сүмд тэмдэглэх бол оройн үйл ажиллагааг Түвдийн урлагийн хүрээлэнд зохион байгуулж, оройн зоог барих аж. Зохион байгуулагчид Далай багшийн төрсөн өдрийн баярт сүсэгтэн олныг олноор оролцуулахыг зорьж байгаа бөгөөд зочдын дунд Энэтхэгийн албаныхан болон эрх мэдэлтнүүд ч нэлээд багтжээ. Далай ламын төрсөн өдрийг дэлхийн өнцөг булан бүрт буй буддын шашинтнууд болон сүм хийдүүд мөн ёслон хүндэтгэж байгаа ч Хятадын эсрэг үзлийг дэвэргэх аюултай гэсэн шалтгаанаар Непалд Далай ламын төрсөн өдрийг тэмдэглэхийг хориглосон байна.