logo
Чуулга уулзалт эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх үйл ажиллагааг нэгтгэн төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулна

Чуулга уулзалт эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх үйл ажиллагааг нэгтгэн төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулна

2012/07/09
-МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛЛЫН АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН НЭЭЛТ ДЭЭР ХЭЛСЭН ҮГ-
Эрхэм зочид оо,
Хатагтай, ноёд оо,
Монгол Улсын даргалж буй Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн ивээл дор зохион байгуулж буй Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх олон улсын чуулга уулзалтыг нээж байгаадаа баяртай байна.
Би та бүхнийг Ерөнхий сайдын хувиар, түүнчлэн АОХН-ийн дарга орны үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн даргын хувиар тавтай морилохыг ерөөе.
Хатагтай Роза Отунбаева та манай улсад тавтай морилно уу. Та бол зөвхөн өөрийн оронд бус дэлхий дахинд эмэгтэй удирдагч хүний үлгэр жишээ болсон хүн билээ.
Эрхэм Герпхард, та надтай хамт дэлхий нийт болоод Монголын нэр алдартай эмэгтэйчүүд хуран чуулж буй энэ эрхэмсэг мөчид эрэгтэйчүүдийг төлөөлөн сууж байгаад баяртай байна.

Эрхэм хүндэт оролцогчид оо,
Монголчууд эмэгтэйчүүдийн нийгэмд манлайлах, хүндлэгдэж ирсэн уламжлалыг үргэлж баяжуулж ирсэн түүхтэй.
Манай ард түмэн саяхан болсон сонгуулиар Парламентдаа 9 эмэгтэй удирдагчийг сонголоо. Тэд ийнхүү зөвхөн эмэгтэйчүүдийн бус нийт Монголын ард түмний төлөөлөл болж байна. Энэ бол манай эмэгтэйчүүдийн гаргасан гарамгай амжилт бөгөөд тэд илүү нэгдмэл, илүү ажил хэрэгч болж байна.
Манай Засгийн газар эмэгтэйчүүдийн төлөөллийг төр засгийн байгууллагын бүх шатанд дэмжиж ирсэн бөгөөд миний толгойлж буй Засгийн газарт нэг сайд, гурван дэд сайд ажиллаж байна.
Манай Засгийн газрын анхаарлын төвд байдаг өөр нэг чухал асуудал бол гэр бүл, эмэгтэйчүүдийн оролцооны чадавхийг бэхжүүлэх явдал бөгөөд бид энэ чиглэлээрх хууль эрх зүйн зохицуулалт хийлээ. Тухайбал, манай Засгийн газар Женлерийн тэгш байдлын тухай хуулийн төсөл санаачлан батлуулав. Одоо Парламентаар Гэр бүлийн тухай нуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд энэ нь өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүүхэд, нийгмийн бусад эмзэг хэсгийн нийгмийн хамгааллыг сайжруулах асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газар дөрөв бюу түүнээс олон хүүхэдтэй эхчүүд, хөгжилийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалахад чиглэсэн нийгмийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Эмэгтэйчүүд, эхчүүдийг хамгаалах, дэмжих зорилгоор авч хэрэгжүүлж байгаа энэ бүх хүч чармайлт нь Монголын хүүхэд бүхэн, өрх болгонд нийгмийн хөрөнгө оруулалт болж эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэж байна.
Улс орныхоо хөгжилд улс төр, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаагаараа хувь нэмрээ оруулахын төлөө байдаг эмэгтэйчүүдийг бид үргэлж дэмжиж ирсэн бөгөөд энэ байдлыг цаашид бүр нэмнэ.
Манай эмэгтэйчүүдийн боловсролын түвшин өндөрт хүрсэн. Гэсэн хэдий ч тэд эдийн засгийн хямрал, ажилгүйдэлд өртөх нь их хэвээр байна. Манайд өрх толгойлсон эхчүүд өрх гэр, хүүхдүүдийнхээ аятай амьдралын төлөө тэмцэж байна.
Бид эмэгтэйчүүдээ бизнес, үйлдвэрлэлийн дадал ухаанд сургахад илүү анхаарах хэрэгтэй байгаа бөгөөд ингэснээр тэд илүү орчиндоо зохицсон, өөрөө өөрийгөө тэтгэх чадварт суралцах юм. Эмэгтэйчүүд аливаад хянуур, нямбай ханддаг болохыг бид мэдэх билээ. Тийм ч учраас өндөр технологийн үйлдвэр, нарийн тоног төхөөрөмжийн салбарт чадварлаг ажилчин, инженерүүд болж чадах юм.

Хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Энэхүү чуулга уулзалт нь манай Монгол эмэгтэйчүүд зөвхөн аж байдлаа дээшлүүлээд зогсохгүй улс орныхоо хөгжил хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахад тэднийг уриалан дуудсан, түлхэц өгсөн арга хэмжээ болно гэдэгт би итгэлтэй байна.
Та бүхэн ийнхүү хуран чуулж, хамтран ажиллаж байгаа нь биеэ биеэсэээ суралцах, харилцан ойлгохын үлгэр жишээг харуулаад зогсохгүй олон орны эмэгтэйчүүд, нийгмийн байдал, үндэс угсаа, шашин шүтлэгээс үл хамааран эв нэгдэл, хамтын ажиллагааны сэжмээр холбогдох боломжийг бүрдүүлж байна.
Бид бүхэнд маргаангүй нийтлэг нэг л зорилго байна. Энэ бол энэ дэлхийг илүү амгалан, цэцэглэн хөгжсөн, найрсаг байлгах явдал юм. Эмэгтэйчүүд та бүхэн биднийг эцэг эх, эхнэр нөхөр, хүүхэд багачууд, найзууд, дайснууд хэн ч бай үргэлж адилхан асран хамгаалдаг билээ.
Тийм ч учраас энэ чуулга уулзалт эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх үйл ажиллагааг нэгтгэн төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй юм.
Та бүхэн ойрын үед, ирэх он жилүүдэд хамтран хийх үйл ажиллагаагаа төлөвлөсөн хөтөлбөр гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна.
Чуулга уулзалтын үйл ажиллагаа үр бүтээлтэй байж, үр дүн нь амжилттай байхын ерөөл дэвшүүлье. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш