logo
Монгол Улс шүүхийн шинэтгэлийг хүний эрхийг хангахад тулгуурлан хийж байгааг онцлов

Монгол Улс шүүхийн шинэтгэлийг хүний эрхийг хангахад тулгуурлан хийж байгааг онцлов

2012/07/09
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын орлогч хатагтай Кюнг-ва Кангийг 7 дугаар сарын 6-нд хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч хатагтай Кюнг-ва Кангийг Олон улсын эмэгтэйчүүдийн манлайллын чуулганаар Монголд айлчлан ирсэнд болон НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар манай улсад тусламж дэмжлэг үзүүлж байдагт талархаад Монгол Улс хүний эрхийг хэрэгжүүлэн ажиллаж буйг дурдав.
Ерөнхийлөгч өөрөө цаазаар авах ялд хориг тавьж, улмаар УИХ 2012 онд иргэний болон улстөрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт хоёрдугаар протоколд нэгдэх шийдвэр гаргасан нь олон улсын хүний эрхийн стандартуудыг Монгол Улс хатуу баримталж байгааг дахин нотолж буй гэдгийг тэмдэглэлээ. Мөн Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцын протоколыг батламжлах тухай хуулийн төсөл ч УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгааг дуулгав.
Шүүхийн шинэтгэлийг Монгол Улс хүний эрхийг хангахад тулгуурлан хийж байгааг уулзалтын үеэр Ерөнхийлөгч онцлон тэмдэглээд хүний эрхийн салбарт олон улсын болон бүс нутгийн түвшинд өөрийн орны хувь нэмрийг оруулах үүднээс Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлснийг дэмжих, түүнчлэн Хүний эрхийн дээд комиссарын газар, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг хамтран ардчилал, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэн баталгаажуулах хүч чармайлтад тулгарч байгаа асуудал бэрхшээлийг хүний эрхийг хамгаалах байр сууриас авч үзэх мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэг зохион байгуулах санал тавилаа.
Хатагтай Кюнг-ва Канг Монгол Улсын Ерөнхийлөгчийг ардчилсан, ил тод, манлайлагч хүн гэж үздэгээ дурдаад тавьж буй саналуудыг нь дэмжих ялдамд Монголын хүний эрхийн комиссыг өргөтгөн бэхжүүлэхэд анхаарахыг хүсэв.
Хатагтай Кюнг-ва Канг НҮБ-ын Хүний эрхийн байгууллагад томилогдохоосоо өмнө Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны олон улсын байгууллагын газрын ерөнхий захирал, олон талт харилцаа хариуцсан элчин сайд, НҮБ дэх тус улсын төлөөлөгчийн газарт ажилтан, Солонгосын Үндэсний Ассамблейн даргын хүний эрх, эмэгтэйчүүдийн болон парламентын ардчиллын асуудал хариуцсан туслах зэрэг ажил хийж байжээ. Тэрээр Ёнсейн их сургуулийг улстөр, дипломатын чиглэлээр төгсч, АНУ-ын Массачусеттсийн их сургуульд улс хоорондын соёлын харилцааны сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш