logo
Наадмын тасалбарын борлуулалтад иргэд сэтгэл дундуур байна

Наадмын тасалбарын борлуулалтад иргэд сэтгэл дундуур байна

2012/07/10
Наадмыг зохион байгуулах комиссын шийдвэрээр баяр  наадмыг үзэх тасалбарыг Бөхийн өргөө болон Соёлын төв өргөөний кассаар борлуулж эхлээд байгаа.

Баяр үзэх тасалбар авахын тулд иргэд хонон өнжин зогсож, эмх замбараагүй урт дараалал үүсгэсэн гэхэд болно.

 Баярын нээлт, хаалт, бөхийн барилдааны үдээс өмнөх, хойших, жуулчдад гээд олон нэр төрлөөр янз бүрийн багц үнэтэй тасалбар худалдаалагдсан нь иргэдэд ихээхэн чирэгдэл учруулж байгаа бололтой. Мөн нэг хүнд дөрвөөс илүүг худалдаалахгүй байгаа аж. Энэ нь шагийн худалдаа бий болохоос сэргийлж байгаа хэрэг гэнэ.

Бүтэн жил хүлээсний эцэст баярын тасалбар хүрэлцсэнгүй гэх шалт­гаанаар үзэж чадахгүйд хүрсэн иргэд ч байлаа.

Энэ  талаар иргэдээс тодрууллаа.

Тасалбар худалдаалах ажил ямар ч зохион байгуулалтгүй байна                           

-Тасалбар авахаар олон хүн очерлож байна. Та хэдэн цагийн үед ирсэн бэ?

-Тасалбар авахыг тулд бүтэн хоёр хоног дугаарлан зогсож байна. Урд шөнө энд хонолоо. Гэсэн хэдий ч миний өмнө бараг 100 шахам хүн байгаа.

Тасалбар худалдаалах ажил ямар ч зохион байгуулалтгүй байна гэж хэлмээр байна. Шөнө хоносон болон  үүрээр ирсэн иргэд касс онгойхыг хүлээж өдрийн хагас хүртэл зогсоход хүрч байна. Ганцхан касс ажиллаж байгаа хэрнээ 11:00 цагт онгойно гэдэг хангалтгүй санагдаж байна. Энэ олон хүмүүсд үйлчилж амжихгүй шүү дээ.

Тасалбар худалдаалах цагаа эрт болгомоор юм. Холбогдох хүмүүс энэ тал дээр анхаарал хандуулахгүй, эмх замбараагүй байдал бий болгож байгаад гайхаж байна.

Ямар ч хүн гэр бүл, найз нөхдөөрөө зэрэгцэж суухыг хүснэ шүү дээ

-Нэг хүнд дөрвөөс илүү тасалбар худалдаалахгүй гэж байна. Энэ талаар таны бодол?

-Энэ шийдвэр иргэдэд маш их чирэгдэл учруулж байна. Нэг хүнд дөрөв гэдэг бол чамлахаар тоо. Ямар ч хүн гэр бүл, найз нөхдөөрөө зэрэгцэж суухыг хүснэ. Гэтэл тийм боломж олдохгүй, Төв цэнгэлдэхийн энд тэнд суухад хүрээд байна.

Цаг, заваа зарцуулан дугаарлан зогссон ч тасалбар хүрэлцсэнгүй

-Тасалбараа авч амжсангүй гэж байна. Дугаарлаж зогссон хэрнээ яагаад амжсангүй вэ?

-Бүтэн жил хүлээсэн баяр наадмаа үзэх боломжгүй болоод байна. Тасалбар хүрэлцсэнгүй гэнэ. Жил бүр л наадам үзэх иргэдийн тоо нэмэгдэх байх. Төв цэнгэлдэхийн суудлын тоо хангалттай, тэр хэмжээний тасалбар худалдаалагдсан бол хүн бүрт хүрэлцээтэй баймаар. Шагийн худалдаа байхгүй гэж байгаа ч энд зарж л байна шүү дээ. Үнэ ханшны хувьд доод тал нь 80 мянгад хүрсэн байна. Иргэд, мэдээж тийм үнээр авч чадахгүй. Цаг, заваа зарцуулан дугаарлан зогссоны эцэст тасалбар хүрэлцээгүйд харамсалтай санагдаж байна.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш