logo
Ардчилагчид том сорилтын өмнө

Ардчилагчид том сорилтын өмнө

2012/07/11
Энэ удаагийн сонгуулиар АН ялалт байгуулсан гэдэгтээ маргах хүн байхгүй. Хэдийгээр үнэмлэхүй олонхи болоогүй ч АН Засаг байгуулах санаачилга гаргаж, хэнтэй хамтран ажиллах санал тавих эрхтэй болсон. Олон түмний олгосон энэ эрхийнхээ дагуу МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлд  санал тавьж хамтрахаа зарлаад байна.
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд АН анх удаагаа амжилттай оролцож,  нийслэлийн  “парламентад”  олуулаа болж, хотын удирдлагыг гартаа аваад байна. 22 жилийн дараа Ардчилсан нам нийслэлд ийнхүү ялалт байгууллаа.
Ийм байхад энэ намын зарим гишүүд хумсаа чамласан хүүхэд шиг аашлах болов. Уг нь ард түмний өгсөн эрх мэдлийг чамлахаар чанга атгаж, ажлаа хийж эхлэх хэрэгтэй шүү дээ.
Бид дангаараа засаг байгуулах боломжтой байлаа, үлбэгэр, лидер шинжгүй Н.Алтанхуягаар удирдуулсан болохоор үнэмлэхүй олонх болж чадсангүй хэмээн “чулуу” нүүлгэх нь ширүүслээ.
МоАХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Х.Баттулга байр сууриа  л ил тод илэрхийлснээс биш далдуур энд тэнд нууц уулзалт хийгээд, намын дарга болоод дараагаар нь Ерөнхий сайд болохоор зүүдлэгсэд цөөнгүй бий.
Одоогийн өрнөөд байгаа үйл явдлыг ажиглахад  АН доторх фракц хоорондын тулаан ширүүсэж, үл ойлголцол гүнзгийрч, хагарлын үүд нээгдэж, хүч тарамдахын эхлэл тавигдаад байна.
Н.Алтанхуягийн толгойлдог Алтангадас, Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ, З.Энхболдын ахалдаг Шонхор, Н.Батбаяр, Р.Амаржаргал нарыг зангиддаг МҮДН, Л.Гантөмөрийн чиглүүлдэг Нэг ардчилал гэсэн фракциудын төлөөлөл парламентад сонгогдон хүчирхэг байгаа. Тиймээс тоглолт энэ хүрээнд явагдаж байгаа гэж ойлгож болох юм.  Энэ дундаас Х.Баттулга, З.Энхболд нар хүчээ нэгтгэж МҮДН-ынхныг  ятгаж, Нэг ардчиллынхныг урвуулахыг оролдож байгаа сурагтай.
Баярын дараа хуралдах ҮЗХ-ны хурлаар хариуцлага тооцох асуудал оруулж, намын даргыг өөрчилж, шинэ удирдлагыг сонгох сценариа бэлдээд байгаа аж. Намын даргыг суудлаас нь унагаж, З.Энхболд, Х.Баттулга хоёрын нэг нь намын удирдлагыг гартаа авч  байж Ерөнхий сайдын сэнтийд залрахаар тооцож буй.
Энэ санаархалаа бүтээж, Алтангадасыг тоглоомын гадна үлдээлээ гээд асуудал цэгцрэхгүй, харин ч эвдрэлийн үүд нээгдэж, “ах” намын өгөөшинд өөрсдөө гүйгээд орно. Ингэж дотроо хөлөө жийлцэх нь МАН-ынханд ашигтай тусна. Гомдогсодтой нийлж дотроос нь өдөөнө. Өөр хоорондоо “тулалдсаар”  засгийг хэдэнтээ ч унагаж, ард түмний дунд нэр хүнд нь унана.
Тиймээс буруутныг олж шийтгэх гэхийн оронд   эв зүйгээр асуудлаа шийдэж, фракциудын төлөөллөөс ажил хэрэгч, санаачилгатай, зүтгэлтэйг нь оруулан цул баг болж ажиллан ардчилагчид “нялхасын өвчинд” нэрвэгддэг үе нь өнгөрч эрийн цээнд хүрчээ гэдгээ харуулах цаг болжээ. Зөвхөн өнөөдрийг харж биш 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулиа бодож, улс орноо хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө сайн ажиллаж чадвал хүсээд байгаа үнэмлэхүй ялалт угсраа угсраагаараа  ирнэ гэдгийг мартаж боломгүй.
Ардчилагчид эвтэй үед хүчтэй, ялалт, амжилт дагуулдгийг өнгөрсөн 22 жилийн хугацаанд  өрнөсөн үйл явдлууд гэрчилнэ. 1990 онд яалаа. 70 жил тогтсон коммунист дэглэмийг энхийн замаар унагаж, Монгол орон даяар ардчиллын салхийг үлээлгэж байв. Энэ үед ардчилагчид нэгдмэл, амь нэгтэй байв.
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намынхан Ардчилсан Ерөнхийлөгчтэй болохын төлөө атгасан гар шиг цул байлаа.
2012 оны УИХ-ын болон Нийслэлийн ИТХ-ын сонгуулиар эвтэй байсны хүчинд ялалт байгууллаа.
Ардчилагчид эвдрэлцэхээрээ ялагдлынхаа нүхийг ухаж,   ажил нь урагшилдаггүй уралцсаар дуусдаг. 1996 оны сонгуулиар Ардчилсан холбоо эвсэл ялж Засгийн эрхийг барив. Гэвч  тэр үеийн МАХН буюу одоогийн МАН-ын улс төрийн урхинд орж, өөр хоорондоо толхилцон,  өөрсдийн байгуулсан ялалтыг, өөрсдийн бий болгосон зөв бүхнийг өөрсдийнхөө гараар сүйтгэж, 4 жилийн дотор гурван удаа Засгийн газраа  хугацаанаас өмнө огцруулж байлаа. Эвдрэлцэл гүнзгийрсээр   2000 оны сонгуультай золгосон. Олон түмэн ардчилсан хүчнийхэн бүтэхгүй юм байна гээд УИХ-ын сонгуульд МАХН  буюу одоогийн МАН-д 72 суудал өгч, АН –д нэг суудал үлдээж, ардчилсан холбоо эвслийнхэн бүгдээрээ гудамжинд лааз өшиглөсөн юм.
Тиймээс энэ гашуун сургамжаа  эргэн санах хэрэгтэй.    Ялалтаа чамлаж, амбицандаа автаж, бусдын өгөөшийг өмхөж, өмнөх түүхээ давтахгүйн тулд гоншигноцгоохоо болиод   одоо ажил хийх, хариуцлагатай байх түүхэн үе тулгараад байна.
Ардчилсан Ерөнхийлөгчтэй болсон, одоо  ардчилсан Засагтай, ардчилсан хотын дарга болох тодорхой боллоо.  Ард түмэн Ардчилсан намд ачааны хүндийг үүрүүллээ. Ардчилсан намынхан том сорилтын өмнө ирлээ. Түүнийгээ хэрхэн давахыг цаг хугацаа л харуулна.

www.times.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш