logo
Уильям Бёрнс Египетийн ерөнхийлөгчтэй уулзлаа

Уильям Бёрнс Египетийн ерөнхийлөгчтэй уулзлаа

2012/07/11
Америкийн төрийн нарийн бичгийн дэд дарга Уильям Бёрнс Египетийн ерөнхийлөгч Мохаммед Морситой уулзах үеэрээ Барак Обамагийн илгээсэн захидлыг түүнд гардуулан өгсөн байна. Хосни Мубарак огцорсноос жил гаруйн дараа Морси Египетийн анхны исламист ерөнхийлөгч болсон. Тэрээр өнгөрсөн долоо хоногт тангарагаа өргөсөн юм. 
Уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлалын үеэр Бёрнс мэдэгдэхдээ "Египет дэх шилжилтийг амжилттай үргэлжлүүлэхийн тулд АНУ чадах бүхнээ хийх болно, энэ өөрчлөлт шинэчлэлт нь Египетийн ард түмний хүсэл тэмүүллийг хүлээн зөвшөөрч, тэдний дуу хоолойг сонсох, тэдэнд боломж олгох хамгийн шилдэг арга зам байх болно" гэжээ.
Мөн тэрээр Египетэд ардчилсан зарчмаар сонгогдсон парламент үйл ажиллагаа явуулж, хүний эрхийг хамгаалсан үндсэн хуулийг батлахын чухлыг онцолсон байна.
Бёрнс өнгөрөгч нэгдүгээр сард Каир хотод айлчлах үеэрээ тухайн үед Лалын Ахан Дүүс намын тэргүүн байсан Морситой уулзаж байсан аж. Америкийн төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ч энэ сарын сүүлээр Египетэд айлчлахаар болжээ.
Египетийн ерөнхийлөгч Мохаммед Морси лхагва гаригт Саудын Арабыг зорино. Энэ нь түүний тангарагаа өргөснөөсөө хойш гадны улсад хийх анхны албан ёсны айлчлал байх болно. Египетийн MENA агентлагаас мэдээлснээр Саудын Арабын хаан Абдулла Египттэй харилцаагаа бэхжүүлэх зорилгоор Морсиг урьжээ.
Морси өнгөрөгч бямба гаригт Египетэд суугаа Саудын Арабын элчин сайдтай уулзсан билээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш