logo
Ким Чен Ун найз бүсгүйтэй болов уу?

Ким Чен Ун найз бүсгүйтэй болов уу?

2012/07/16
Энэ залуу эмэгтэй Хойд Солонгосын шинэ удирдагч Ким Чен Уны хамт ойрын үед хоёр ч удаа олны өмнө гарсан нь нилээд шуугиан дэгдээгээд байна. Тэрээр залуу Кимийн хамт урлагийн тоглолт үзэж буй бичлэгийг Умардын төрийн мэдлийн телевизээр дамжуулсан байна. Мөн тэрээр Кимийн өвөөд хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцжээ. Энэ эмэгтэй чухам хэн гэдэг дээр судлаачид ч дорвитой хариулт өгч чадахгүй байна. Гэхдээ хоёр таамаг байгаа юм.
Өмнөд Солонгосын нэгэн сонинд энэ эмэгтэйг Ким Чен Уны эмэгтэй дүү Ким Ёо Жон байж магадгүй гэж бичжээ. Үндэсний Аюулгүйн Зөвлөлийн ажилтан байсан Виктор Чо ярихдаа "Хойд Солонгост зөвхөн нэг удирдагч байдаг, Умардын удирдлагууд Кимийн эмэгтэй дүүг гэнэт түүний хажууд гаргана гэдэг тун магадлал багатай зүйл" гэжээ.
Тэгвэл Өмнөд Солонгосын өөр нэгэн сонинд тагнуулын албаны ажилтнуудын яриаг үндэслэн мэдээлснээр уг эмэгтэй бол Бочонбо нэртэй электрон хөгжмийн хамтлагийн дуучин байсан Хион Сон Вол гэнэ. Энэ хамтлаг 2005 оны үед Умард Солонгост нилээд нэр хүндтэй байсан юм. Бочонбо хамтлагийн "Би Пхеньянд Хайртай", "Бид бол Намын Цэргүүд" зэрэг дуунууд нь хит болж байжээ.
Өмнөд Солонгосын сонинд бичсэнээр Ким Чен Ун, Хион Сон Вол нар бараг 10 жилийн өмнө хайр сэтгэлийн холбоотой болсон байна. Гэхдээ эцэг Ким Чен Ир дуучин эмэгтэйг хүлээн зөвшөөрөөгүй учраас тэрээр өөр нэгэн цэргийн офицертой гэрлэж, хүүхэдтэй болсон гэнэ. Гэхдээ тэрээр өнгөрөгч гуравдугаар сард буюу олон улсын эмэгтэйчүүдийн баяраар Пхеньянд болсон арга хэмжээнийн үеэр дуулжээ. Уг арга хэмжээг залуу Ким үзэж сонирхсон байна. Ямартай ч Ким Чен Ун эцгийгээ нас барсны дараа буюу 12-р сараас дуучин эмэгтэйтэй харилцаагаа дахин сэргээсэн болж таарч байна.
Хион Сон Волын нөхөр хүүхэд ньхаана байгаа тухай мэдээлэл одоогоор алга байна.
Токиогийн Васедагийн их сургуулийн профессор Тошимицу Шигемура Умард Солонгосын эрх баригчдын талаар хэд хэдэн ном бичжээ. Түүний үзэж байгаагаар энэ эмэгтэй Кимийн эхнэр байх магадлал маш өндөр байгаа бөгөөд түүнийг Умардын ард түмэнд албан ёсоор танилцуулах гэж байгаа ажээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш