logo
Таны биеийн болон гарын хөдөлгөөн юун тухай өгүүлнэ вэ?

Таны биеийн болон гарын хөдөлгөөн юун тухай өгүүлнэ вэ?

2011/06/29
Биеэ зөв авч явна гэдэг бол нэг ёсондоо эргэн тойрныхоо хүмүүст үзүүлж байгаа хүндэтгэл юм. Үүнд хүний хүмүүжил төдийгүй зуршил ихээхэн үүрэгтэй. Эдгээр зуршил нь хүний сайн талыг харуулж чаддаг ч нөгөөх сайн талыг юу ч үгүй болгох чадвартай байдаг.  

Заримдаа хүмүүс их сонин биеэ авч явснаас үүдэн олон зүйл алдахад хүрдэг. Хамгийн гол нь өөрийнхөөрөө байх нь ажил хэрэгч хүний чухал зарчим гэж хэлж болно.  

Гар болон биеийн хөдөлгөөн нь тухайн хүний дүр төрхийн салшгүй нэг хэсэг. Хөдөлгөөн хэт түргэн шаламгай байх учиргүй. Яриа дэлгэж байгаа үед нүдээ доош хэтэрхий удаан хугацаагаар буулгаж болохгүй. Мөн биеэ сул тавьчихсан сууж болохгүй нь. Амарч байгаа тохиолдолд өөр хэрэг.  

Хэрэв та ахмад насны хүмүүсийн дунд байгаа тохиолдолд үг яриа нь илүү дэг журамтай, хэлж ярьж байгаагаа дүгнэж цэгнэсэн байдалтай байх нь зүйн хэрэг.

Алхаа гишгээ хүртэл таны дүр төрхийг бүрдүүлнэ. Алхаж явахдаа сульдаатай хүн шиг хөлөө битгий зөөгөөрэй, мөн гараа хэт их даллаж, том том алхаж явж болохгүй нь. Хамгийн тохиромжтой алхаа бол биеэ цэх бариад дунд зэргийн алхаагаар явах.  

Сандал дээр сууж байхдаа битгий хоёр тийш ганхаарай. Ширээн дээр тохойгоороо дарчихаад хэвтэх маягтай болж болохгүй юм. Суух, босох бүрийдээ нэг их шуугиан гаргахгүй байвал зүгээр. Сандлаа битгий шалан дээр чирэн чимээ шуугиан гаргаарай, түүний оронд түшлэгнээс нь бариад өргөн өөр газарт аваачиж тавина.  

Хөлөө байнга хөдөлгөж, сандал дээрээ дайвганаад, эсвэл гутлын өсгийгөөр тоншоод байх нь тааламжтай зүйл биш гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Ялангуяа ярианы үеэр ингэж байгаа бол эсрэг талын хүн тань цаашид ярилцах дургүй юм байна гэж хүлээн авах болно. Ярилцаж байх зуурт толгойгоо гараар түшэх юм бол таныг ядарсан эсвэл уйдаад байгааг харуулах болно.  

Хүмүүс заримдаа цээжин тус газраа гараа барьдаг, гэтэл энэ нь яриагаа зогсоохыг хүссэн үйлдэл болно гэдгийг санаж яваарай. Хэрэв ярилцаж байгаа хүнээ өөртөө татахыг хүсч байгаа бол толгойгоо үл ялиг хажуу тийш гилжийлгээрэй. Энэхүү үйлдэл нөгөөх хүнээ анхааралтай сонсож байгаагийн нэгэн илрэл болно. Ярианы явцад тамхи татах эсвэл нүдний шилээ арчих зэрэг үйлдэл хийвэл хариултаас бултах гэж байна хэмээн ойлгогддог.  

Т.Бүрэн
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш