logo
Д.Шүүдэрцэцэг: Хүний хайрыг татсан сайхан эмэгтэй болохын тулд суралцаж явна

Д.Шүүдэрцэцэг: Хүний хайрыг татсан сайхан эмэгтэй болохын тулд суралцаж явна

2012/07/16
ХААИС-ийн оюутан , жүжигчин, мисс, загвар өмсөгч Д. Шүүдэрцэцэгтэй ярилцлаа.Түүнийг “9009”, “Хайрлаж болох уу”, “Валентины захидал” зэрэг кинонд тоглосон гэдгээр нь хүмүүс сайн мэдэх бизээ.  
-Өөрийг тань цөөнгүй хэдэн кинонд тоглосныг хүмүүс мэдэх байх. Мэргэжлийн жүжигчин биш атлаа яаж яваад кино урлагт орчихов оо?
-Хамгийн анх 2009 онд “9009” кинонд туслах дүрд тоглож байлаа. Проб өгөөд тэнцэж байсан. Эхэндээ мэргэжлийн бус болохоор нилээд айж байсан. Чадахгүй байх, би туслах дүрийг нь авья, надад жижигхэн дүр өгчих гээд л. Ер манай удамд урлагийн хүмүүс байсан. Тэр утгаараа би урлагт хайртай бас дуртай. Долоон настайгаасаа эхлээд л бүжиглэсэн. Одоо 11 жил бүжиглэж байна.
-“ Хайрлаж болох уу” гэдэг кинонд тоглосныг чинь санаж байна. Тэр кинонд тоглохдоо ямар ч туршлаггүй байсан байх?
-Хүн болгон хэлдэг юм. Би айлын ганц болохоор эрх талдаа. Гэхдээ багаасаа урлагаар явсан болохоор хэдий мэргэжлийн жүжигчин биш ч гэсэн энэ мэргэжилд маш их хайртай. Олон жүжигчин ах, эгч нартай. Тэр хүмүүстэй хамт байхад цаанаа л өөр байдаг. Жүжигчин хүн маш зөв энергитэй юм шиг санагддаг. Бас их онцлогтой. Хүмүүс өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээр ажилладаг. Өглөөд ажилдаа яваад, орой харьж унтаад л явдаг бол жүжигчин хүн огт өөр. Хэзээ ч бүтэхгүй, хийж чадахгүй гэсэн бүхий л дүрдээ хувирч чаддаг. Одоо би ийм том болчихоод 10 жилдээ очиж чадахгүй шүү дээ. Гэтэл жүжигчин байснаар очих боломжтой.
-Чи 10 гаруй жил бүжиглэчихээд, урлагт ийм их хайртай мөртлөө яагаад огт өөр мэргэжил сонгоод, ХААИС-д орчихсон юм бэ?
-Гэрийнхнийхээ санал хүсэлтийг сонссон. Уг нь уржнан жил Солонгос руу жүжигчний мэргэжлээр сурахаар явсан юм. Гэтэл бие өвдөөд буцаад хүрээд ирсэн. Ус, цаг агаар, иддэг хоол гээд бүх юм нь таарахгүй байсан болохоор хэлний бэлтгэлээ төгсөөд ирсэн. Уг нь тэнд жүжигчнээ мэргэжлээр Солонгост сурчихаад, энд ирээд үргэлжлүүлж суралцъя гэж бодож байсан юм. Түүнийхээ хажуугаар давхар мэргэжилтэй байхад илүүдэхгүй гээд шалгалт өгч, маркетинг менежментээр сурч байгаа.
-2008 оны “Мисс Монголиа” наадамд оролцож байсан байх аа?
-Тэр жил “Монгол мисс” наадамд оролцож, дөрөвдүгээр байр эзэлж байсан. Аравдугаар ангиа төгсөөд энэ тэмцээнд оролцож байсан юм.
-Монголын бүх бүсгүйчүүд л миссийн тэмцээнд оролцох гэж хошуураад байх болж. Үүний цаана нэг учир байгаа л байх даа?
-Монголд дүүрэн үзэсгэлэнтэй охид, бүсгүйчүүд байна. Эрч хүчээр дүүрэн, гоо үзэсгэлэнтэй. Гадны улсуудад мэс засал хийгээд сайхан болдог бол манай охиудууд бүгд оргиналаараа байдаг. Тэр охидууд өөрсдийнхөө гоо сайхнаар бахархаад, мэдрэх нь юу нь болохгүй гэж. Залуу нас ганц л олдоно. Залуу насандаа ийм наадамд оролцож байсан шүү дээ гэж хойч үедээ ярьж байвал гоё биз дээ. Залуу сайхан цаг эргэж хэзээ ч ирэхгүй. Дараа нь тийм тэмцээнд оролцдог байж дээ гэж харамсч байхаар үзээд алдах хэрэгтэй. Ер нь бүх залуус, охидууд болж л өгвөл юм юманд авьяас, чадвараа сорьж байх хэрэгтэй.
-Тэр үеийн тэмцээний үр дүнд хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
-Би загвар өмсөгч болоод гурван сар л болж байсан. Тэгээд маш олон жил загвар өмссөн моделиудтай өрсөлдсөн. Тэр утгаараа маш их сандарч байсан. Харин ямар нэг байрт орно гэдэгтээ итгэлтэй байсан. Гэхдээ арай ч титэм авчихна гэж бодоогүй. Тийм болохоор сэтгэл хангалуун байдаг.
-Мисс бол сайхан гэдэг ойлголтын туйл юм шиг санагддаг. Чинийхээр сайхан гэж юу вэ?
-Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг биз дээ. Тийм болохоор хүмүүсийг гаднаасаа ч, дотроосоо ч сайхан байгаасай гэж боддог. Хүн гаднаа хэчнээн сайхан байгаад авах юмгүй ааштай байвал хэний ч хайрыг татахгүй. Би муухай хүн байдаг гэж боддоггүй. Хүн болгон л өөрийн гэсэн онцлогтой, дүр төрхтэй, давтагдашгүй. Тийм болохоор өөрсдийн онцлогоо бүрдүүлээд, хүнд дандаа сайн санаж, дотроосоо гэрэлтэж байвал тэр нь гаднаа ч гэсэн мэдрэгддэг юм болов уу гэж боддог. Миний хувьд гаднах сайхнаас илүү дотоод гоо сайхан илүү санагддаг.
-Тэгвэл дотоод гоо сайхнаа хэр бүрдүүлсэн бэ?
-Бүрдүүлэхийн тулд суралцаад явж байна. Мэдлэг боловсрол, хүнтэй харилцах харьцаа, биеээ авч явах байдал, хүнтэй яаж харилцах гээд бүх зүйлд суралцаж. Хүн ухаантай байх, амьдрах ёстой. Хамгийн гол нь хүний хайрыг татах ёстой. Тэгэхийн тулд, сайхан эмэгтэй болохын тулд суралцаж явна.
-Би хувьдаа дотоод гоо сайхан гэдгийг хүний мөн чанар, хүн чанарт оршдог юм болов уу гэж боддог. Өөрөө ер нь хэр хүн чанартай вэ?
-Хүний мөс гэж ч ойлгож болно. Тэр хүнд зайлшгүй байх хэрэгтэй. Одоо манай нийгэмд хүн чанар дутагдаад байна уу гэж ойлгодог. Бид залуу байна. Бүгдээрээ нийлээд юм хийе, бүтээе. Бид нийлээд зүтгэвэл хэнээс ч илүү гарна, чадна. Харин залхуурбал монголчууд сайн залхуурах юм шиг санагддаг. Миний хувьд хүн чанартай байх гэж хичээдэг. Гэхдээ хэр хүн чанартай вэ гэдгийг найзууд маань л хэлэх байх.
-“Мисс монголиа” наадамд дахиж ороод “даагаа нэхье” гэж бодож үздэг үү?
-Нэг их боддоггүй. Титэм авчихсан юм чинь дахиад орвол онигоо биз дээ. Харин тэргүүн мисс болохын тулд тодорхой заасан өндрийн стандарт байдаг. Миний өндөр түүнд нь хүрэхгүй учраас би тэргүүн мисс болохоор царай зүстэй, бие хаатай, авьяастай байсан ч болохгүй. Тийм болохоор дахиж оролцъё гэж боддоггүй.
-Саяхан нээлтээ хийсэн “ Валентины захидал” кинонд тоглосон байсан. Өөрийнхөө тоглосон дүрийн тухай ярьвал?
-Гол дүрд гурван залуу, гурван бүсгүй тоглосон.Гол дүрийн залууст оодоо ид хүчээ авч байгаа залуу жүжигчид тоглосон гэж боддог. Харин бүсгүйчүүдийн хувьд нилээд өндөр шалгуураар сонгож авсан гэж кино багийнхан маань ярьсан. Би найруулагчаасаа яагаад надад энэ дүрийг өгсөн бэ гэж нэг удаа асуухад “ Сондорт тоглох ёстой хүн нь чи байсан, тэр утгаараа сонголтоо сайн хийсэн гэж хэлсэн. Тэгээд л энэ кинонд тоглож, нэг бүсгүйн дүрийг чадан яадан гаргасан.Тийм мундаг хүмүүстэй хамтарч кино бүтээлцсэндээ баяртай байгаа.
-Энэ кинонд тоглохдоо илүү туршлагатай болсон байх?
-Ерөнхий найруулагч Д. Баярсайхан ахыг энд дурсахгүй байхын аргагүй. Тэр хүний хүчээр дүрээ сайн гаргасан байх. Бас Б. Навчаа эгч найруулагчаар ажилласан. Тэр хүн жүжигчдийн жүжиглэх ур чадвар дээр зөвлөж ажилладаг. Тэр утгаараа маш их зүйл зааж өгсөн. Бас Ууганаа ах миний бүх үйл хөдлөл жүжиглэлт дээр зааж зөвлөсөн. Тэр бүх хүмүүс байсан учраас энэ удаагийн кино сайн болсон гэж бодож байгаа.
-Нууц биш бол энэ кинонд тоглоод хэдэн төгрөг авсан бэ?
-Мэргэжлийн жүжигчид өөрийгөө янз бүрээр л үнэлдэг байх. Харин намайг киноны хамт олон өндөр үнэлсэн. Ер нь өндөр гэхэд болно. Яг хэдэн төгрөг гэдгийг нь хэлээд яах вэ.
-Ойрдоо кинонд тоглуулах санал их ирж байна уу?
-Саяхан “Помогите нам” кинонд оролцсон. Мөн “Х-Түц” хамтлагийн жүжигчин Бархүүгийн хийсэн “Худалч хүү” гэдэг кино одоо гарах байх. Тэр кинонд тоглосон. Хэрвээ цааш цаашдаа киноны санал ирэх юм бол уншиж үзэж байгаад, зохиол нь таалагдаад, миний гаргаж чадахаар дүр байвал дуртай хүлээж авна. Би залуу байна, маш их зүйлийг сурна. Кинонд тоглосноороо практик дээр их зүйлийг сурч байгаа учраас кинонд тоглосоор байх болно.
-Манай киноныхон миссүүдээр киногоо чимдэг болж. Энэ нь киноны нэр хүндийг унагаад байх шиг санагддаг?
-Тэр бол цэвэр найруулагчийн л сонголт. Найруулагч болгон дотроо киногоо бүтээчихсэн, төсөөлчихсөн байдаг байхгүй юу. Тийм байдаг болохоор дүрд нь авцалдсан болохоор л сонгодог байх. Кинонд тоглох авьяас байна уу гэдгийг нь ч мөн харгалзаж үздэг байх.
-Монголын авьяастай, царайлаг гэсэн бүх эмэгтэйчүүдийг эротик кинонд тоглуулах гэж зорьж байгаа хэсэг бүлэг нөхдүүд байгаа. Бараг бүх эмэгтэй жүжигчдэд тийм санал тавьдаг юм уу даа, янз нь. Чамд тийм санал ирж байсан уу?
-Ирж байсан. Бүр хэд хэдэн удаа ирсэн. Мэдээж залуу хүн, гоё сайхан биеэрээ гайхуулах, дээрээс нь мэргэжлийн гэдэг утгаараа жүжигчид зөвшөөрдөг байх. Би бол мэргэжлийн жүжигчин биш, дээрээс нь нас, цаг хугацаа нь болоогүй болохоор зөвшөөрөөгүй. Хэрвээ надад үнэхээр таалагдсан, тохироо нь бүрдэх юм бол тийм дүрд тоглохыг үгүйсгэхгүй. Би тэрийг таашгүй шүү дээ.
-Зоригтой байх нь?
-Зоригтойгийн хувь зоригтой. Гэхдээ одоо бол цаг нь ирээгүй байна. Хэзээ нэгэн цагт ийм дүр дээр ажиллахыг үгүйсгэх аргагүй. Зарим нь өөрөө ч санал тавьдаг байх. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш