Монголын ард түмэн Их Монгол Улсаа байгуулсны 806, Ардын Хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Жил жилийн наадмын нээлтийг үзэх гэж Монголын нийт хүн амын хоёр хувь нь Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьдог, бусад нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа телевизээр дамжуулан үзэж, нааддаг. Энэ жилийн баяр наадмын нээлт 12 телевизээр шууд дамжуулагдсаны талаас илүү хувь нь кабелийн сувгаар цацагддаг телевизүүд байсан юм. “Та нар миний найруулсан нээлтийг ямар болохыг харж л байгаарай” хэмээн онгиронгуй өнгө аясаар овойгоод байсан найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуягийн яльгүй уйтгартай ч уламжлалаа дагасан богино хэмжээний загварын үзүүлбэрийн өмнө ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэн нээсэн юм. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Төв цэнгэлдэхийн индэр дээрээс ард түмэндээ хандан үг хэлэх торгон ашгинд “Сансар” кабель тасарч, ерөнхийлөгчийн үг дуусмагц буцан холбогдов. Энэ цаг үеэ олсон “шог”-ийн кабель тасралт нь “техникийн саатал” гэх өнгөлөн далдлалт дор С.Баяр “эзэн”-тний үүрэгдсэн тасдалт байх нь өндөр магадлалтай гэж телевизорынхоо өмнө тухласан наадамчид дүгнэжээ. Өөрөөр хэлбэл эрхэм ерөнхийлөгчийн хэлсэн үг Төв цэнгэлдэхэд цугласан хүн амын хоёр хувьд бүрэн эхээрээ хүрч, бусад нь тасарсан кабелийнхаа ачаар “Сайхан наадаарай” гэх хоёр үгтэй л хоцров. Тиймээс наадмын нээлт үзсэн “азтай” иргэд хол ойрын хов живэндээ ерөнхийлөгчийнхөө үгийг харамгүй дайх хэрэгтэй болж.
Э.Болор www.shuum.mn
Э.Болор www.shuum.mn