logo
Шударга ёсны сайдууд...

Шударга ёсны сайдууд...

2012/07/17
Ээлжит сонгуулийн үр дүнгээр МАХН, МҮАН-ын Шударга ёс эвсэл бүлэг байгуулах хэмжээнд амжилттай оролцож, ард түмний 20 гаруй хувийн дэмжлэг авсан. Тэр дундаа МҮАН-ын талаас Г.Уянга, Д.Батцогт, Л.Цог, Н.Батцэрэг, М.Сономпил нарын гишүүд УИХ-д суух болсон нь АН-ын угшилтай эрхмүүд байгаа юм. Хэрэв Шударга ёс эвсэл хамтарсан засагт орвол УИХ-ын гадна үлдсэн боловсон хүчнээ хоолонд хүргэж мэдэхээр “таавар” явж байгаа аж. Түүнчлэн МАХН даргынхаа нэрээр, МҮАН лидерүүдийнхээ хүчээр сонгуульд амжилт гаргасан учраас хоёр намын оролцоо 50, 50 хувьтай гэж үзэж буй сурагтай. Тиймээс сайдын суудлыг тэнцүү хуваан хүртэнэ гэцгээж байна.
Нэгэн цагт МҮАН ҮШН нэртэй байхдаа МАН-тай хамтарч засаг барьж явлаа. Тухайн үед М.Сономпил, С.Батхуяг нар сайдын алба хашиж явсан. Тэр үед ҮШН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Цогтгэрэлд сайдын суудал санал болгоход журмын нөхдөдөө боломж олгон нэрээ татаж явжээ. Мөн Шударга ёс эвсэл байгуулахад багагүй үүрэгтэй оролцож, дотоод олон асуудалд голчтой, басхүү амбиц багатай оролцож явсан нэгэн. Тиймээс ч шинэ засагт аль ч салбарыг тэргүүлээд явах боломжтой гэж судлаачид үзэж байгаа аж. Түүнчлэн М.Энхсайхан шадар сайд болох магадлалтай гэх таамаг байгаа бол М.Сономпилийг ч сайдад зүтгүүлнэ хэмээн тооцож байна.
МАХН-ын хувьд Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг сайдад зүтгүүлнэ гэх явган яриа өндөрөө авч байна. Д.Тэрбишдагва гишүүний хувьд Хүнс хөдөө аж ахуйн салбарыг арван хуруу шигээ мэддэг бол Ч.Улаан тоондоо сайн ч тэс өөр салбарт сойгдож мэдэхээр сураг дуулдана. Ямартаа ч Шударга ёс эвсэл засгийн эрхээс хуваалцаж, ИЗНН-ын ганц нэг төлөөлөл засагт орохоор шургуу хөөцөлдөж эхэлсэн гэнэ.
Э.Болор 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш