Увс аймгаас хоёр дахь удаагаа “мөнгө тараан” сонгогдсон Б.Чойжилсүрэн баяр наадмын өмнөхөн тангаргаа хэл ам дагуулан байж өргөчихөөд нутгийнхаа галын бөхчүүдийг зорьжээ. Тэр үед АН-ын дарга Н.Алтанхуяг, МУ-ын ерөнхий прокурор Д.Дорлигжав нар бас нутгийнхаа бөхчүүдийг эргэж явахтай нь тааралдсан гэнэ. Тааралдах ч юу байхав нутаг нуга нэгтэй ч нөгөө намд харьяалалтай тэрээр сураг чих тавьсаар нутгийн “ах” нарыг бараадан амдаж очсон хэрэг. Тэгээд “нутгийнхаа нэрийг өндөрт өргөж, цол эрэмбээ ахиулаарай” гэх нэрийн дор галынхандаа 10 сая төгрөгийн хандив өгч байгаагаа Д.Дорлигжав прокурорт гардуулсан. Өөрөөр хэлбэл, эрхэм гишүүн мөнгө тараасан булхайгаа даруулах санаа өвөрлөн Д.Дорлигжавт “Ах аа намайг бодоорой” гэдэг үгээ бөхөө дэмжин байж дайсан хэрэг гэж тухайн үед хардаад өнгөрч байв. Гэтэл наадам өнгөрөхөд өнөөх мөнгө тараасан хэрэг моданаас гараад, Увс нутгаас төрсөн шинэ арслан шуугианыг өнгөлөх болов. Өөрөөр хэлбэл, Б.Чойжилсүрэн гишүүнийг нутгийнх нь тэнгэр түшиж, нутгийнх нь “ах” нар нь дэмжиж, нутгаа дэмжсэн мөнгө тараалт нь “буян” болсон нь тодорхой болох шив. Харамсалтай нь эрхэм гишүүн өнгөрсөн дөрвөн УИХ-д суухдаа “могой алахад модны нэмэргүй” ажиллаж, хэлгүй дүлий бас сэтгэдэггүй байснаа нотолсон. Энэ удаад ямар зорилготой УИХ-д нахиж байгааг ойлгох хүнгүй ч “дуугай хүний доодох нойтогнодог” гэдгийг сануулж буй хүн олон байна.
Э.Гэрэл
Э.Гэрэл