logo
Монгол бөх ингэтлээ ёс жудаггүй болчихсон юм уу

Монгол бөх ингэтлээ ёс жудаггүй болчихсон юм уу

2012/07/17
Их Монгол Улс байгуулагдсаны 806, улс тунхагласны 91 жилийн ойн баяр наадам налгар сайхан болж өнгөрлөө. Морь хурдан, будлиан, маргаангүй, сум мэргэн байв. Харин Монгол бөх маань юу болж хувирав аа.

Уг нь Монголчууд маань эртнээсээ эрийн гурван наадмаа хийж, эр бяртай бөхчүүдээрээ бахдаж, хурдан морьдоо харан сэтгэл баясгаж ирсэн ард түмэн. Гэтэл сүүлийн жилүүдэд Монгол бөхөө хараад лав нэг их бахдаж, баярхаад байхаа больчихов. Жилийн жилд л яригддаг найрааны асуудлыг энд ярихаа больё. Үнэндээ наадмын дэвжээнээ гарсан цөөн хэдэн бөх хэн нь хэнийгээ найраад, хэн нь хэндээ унаж өгөх нь наадамчин олонд тийм ч хамаатай асуудал биш.

Тэртээ тэргүй Монгол бөх тэр чигтээ найраа болчихоогүй нь үнэн юм чинь. Харин ямар нэгэн будлиан маргаангүй, асуудал чирэгдэлгүй сайхан наадам, олны хэлдгээр наадамчин олныг чилээхгүй л байвал болох нь тэр. Монгол бөх дэндүү удаан хугацаанд үргэлжилдэг, бараг хоёр цаг өөд өөдөөсөө тулж зогсдог болчихоод байсан учраас барилдааныг цаг хугацаатай болгож, цаг дуусвал барьц шоддог болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Гэтэл барьц сонгодог болсноос хойш Монгол бөх үзүүштэй сайхан гэхээсээ илүү шуудхан хэлэхэд барьцаа өгөхгүй "новширсон" л болж хувирлаа.

Уг нь хөлийн цэц, засуулууд гэж хүмүүс бий. Тэд барилдааныг эмх цэгцтэй явуулж, бөхчүүд барьц сонголцоход хүрвэл будлиан маргаангүй байлгах үүрэгтэй юм. Гэтэл үнэндээ хөлийн цэц, засуул гэх нэр зүүсэн хүмүүс барилдаж байгаа хоёр бөхийг тойрч зогсохоос өөр ид шидгүй болчихож. Бөхчүүд нь гэсэн ялгаагүй. Хөлийн цэцийн хэлсэн үгийг үг гэж тоохгүй, мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж, эсвэл мэдсээр байж гөжүүдлэх аж.

Бүр цаашилбал, спортын бус авир гаргаж, нэгийгээ цохих, тийрэх, өшиглөж байна. Тэр жил Г.Өсөхбаяр аварга А.Сүхбатыг өшиглөж байсан. Гэсэн ч Г.Өсөхбаяр аваргад ямар ч шийтгэл ногдуулаагүй. Харин өнөө жилийн барилдаанд Аймгийн арслан н.Пүрэвсайхан Л.Пүрэвжав харцагыг өшиглөөд амжив. Уг нь бол энэ тохиолдолд спортын бус авир гаргасан гэдгээрээ н.Пүрэвсайханыг шууд унасан тооцвол болно доо. Тийм зүйл байдаггүй болохоор бөхчүүд наадмын талбай дээрээ нэгнийгээ бараг л зоддог болчихоод байна.

Нөгөө талаас аймгийн арслан н.Пүрэвсайхан чухам ямар шалтгааны улмаас ийн спортын бус авир гаргав гэдэг нь ч бас асуудал. Өөрөөр хэлбэл, Л.Пүрэвжав харцага дүрмийн дагуу барьцаа сонгуулалгүй хэтэрхий удаж, наадамчин олныг залхаасан билээ. Бүр сүүлдээ өөрийнхөө барьц авах ээлжин дээр гүйцэд барьц өгч, авалцаагүй байхад зориуд дайрч, залуу аймгийн арсланг унагасан. н.Пүрэвсайхан аймгийн арслан залуу хүн юм болохоор цөс ихтэй байж таарна. Бараг 30 гаруй минутын турш тэссэний эцэст сүүлд нь өшиглөчихсөн биз.

Тэгэхээр аль аль талдаа асуудал байна. Эцсийн эцэст засуул, хөлийн цэцүүд аятайхан шиг ажиллаад, барьц сонголтыг маргаан будлиангүй хийлгэчихсэн бол ийм зүйл болохгүй л байсан юм. Дээр хэлсэнчлэн хөлийн цэц, засуулууд мөнөөх барилдахаасаа таахалзана гэдэг шиг тойрч зогсохоос өөр ид шидгүй "мануухай" болчихсоны гай гарч байгаа хэрэг.

Тэгэхээр нэг талаас спортын бус авир гаргавал шууд унасанд тооцох, нөгөө талаас дүрмийг санаатайгаар биелүүлэхгүй удвал бас зохих шийтгэл ногдуулах гэх мэт зохицуулалт хэрэгтэй болчихоод байгаа юм. Дээр дурьдсан жишээгээр бол Л.Пүрэвжав харцага зориуд барьцаа өгөлгуй удаж, барилдааныг сунжруулсан нь хэнд ч ойлгомжтой байсан билээ. Энэ тохиолдолд барьц сонгуулах бөх барьцаа өгөлгүй төдөн минут болбол шууд унасанд тооцно гэх ч юм уу, илүү нарийн зохицуулалт хэрэгтэй байгаа биз.

Хамгийн гол нь үүндээ таарсан эрх мэдэл, мэдлэг чадварыг засуул, хөлийн цэцүүд гэж хүмүүст олгох хэрэгтэй байна. Товчхондоо бол барьцаа өгөхгүй удах, эсвэл спортын бус авир гаргавал яах вэ гэдгийг л дүрмээр зохицуулчих хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол монгол бөх маань ёс жудагаа алдаж, барилдаг биш зодолддог болох нь байна шүү.

Л.Дэлгэр 
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш