logo
“Эскон“ компанийн хувьчлалын асуудалд Н.Энхбаяр ямарч хамааралгүй

“Эскон“ компанийн хувьчлалын асуудалд Н.Энхбаяр ямарч хамааралгүй

2012/07/17
Маргааш Монгол улсын гуравдахь ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болно. Түүнийг Эксон компаний хувьчлалын асуудалд холбоотой хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Гэвч судлаад үзэхээр тэрбээр тус компаний хувьчлалын асуудалд ямар ч хамааралгүй байв.
Н.Энхбаяр ажлаа өгснийхөө дараа нэг хэсэг “Хөдөөгийн хөгжил”, “Шинэ гудамж” зэрэг ТББ-ууд байгуулж, хөдөөгийн малчдад, ялангуяа зуд турханд нэрвэгдсэн малчдад тусалж, мөн Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудад тусалж байгаад аливаа бусад жирийн иргэдийн нэгэн адил бизнесийн салбарт ажиллахаар шийдэж, “Эскон“ зэрэг компанийг байгуулжээ.
Анх “Эскон” компанийг туслахаар нь ажиллаж байсан Б.Тулгатай хамтран байгуулсан байна. Гэвч Б.Тулга гадаадад суралцах урилга авсан тул удахгүй АНУ-д явжээ. Гадаадад 2 жил суралцах хугацаатай явсан бөгөөд “Эскон” компанийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй болсон, мөн сургалтын зардлыг нь Н.Энхбаяр туслахаа дэмжин гаргасан тул хариуд нь Б.Тулга “Эскон” компанийн хувиа Н.Энхбаярт шилжүүлсэн байна.
Н.Энхбаяр байгуулсан компанийн шугамаар томоохон төсөл хэрэгжүүлэх, ялангуяа уул уурхайн салбарт ажиллах зорилго тавьсан байна. Ингээд АМХЭГ-т хуулийн дагуу бичиг баримт бүрдүүлэн өгч, зарим лиценз авах хүсэлт гаргажээ. Уул уурхайн төслийг хэрэгжүүлэхийн тулд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах нь ойлгомжтой байсан тул зээл босгох чадавх бүхий бүтцийг бий болгохоор бодсон байна.
Ингээд гэр бүлийнхэн, хамаатан садантайгаа зөвлөлдөж, тэдний мэдлийн аж ахуйн байгууллагуудыг “Эскон“ компанитай нийлүүлэн нэгтгэж томсгоод, улмаар томоохон зээл авах зорилго тавьжээ. Гэр бүлийн гишүүд, хамаатан садангууд нь хоорондоо зөвлөлдөж ярилцаад өөр өөрийн мэдлийн аж ахуйн нэгжүүдийг үнэ төлбөргүйгээр “Эскон” компанид нийлүүлэн нэгтгэхээр тохиролцжээ.
Энэ нь ч ойлгомжтой. Нэг гэр бүлийн хүмүүс нэг нэгэндээ компаниа худалдана гэж юу байхав, тэгээд ч Н.Энхбаярын нэр хүнд, харилцаа холбоог ашиглан бизнесийн томоохон төслүүдийг хэрэгжүүлвэл алсдаа аж ахуйн нэгжүүд нь томрох нь хэн хэндээ ашигтай байв.
Гэвч харамсалтай нь тухайн үеийн эрх баригчид, тухайлбал Ерөнхий сайд С.Баяр “нутгийн дүү” Батхуягийг АМХЭГ-ын даргаар тавьсны дараа чи бүх мэдээллийг надад өгч бай, бодлогыг би гаргана, өөрөөр хэлвэл хэнд лиценз олгох, эс олгохыг би мэднэ гэж үүрэгдсэний дагуу АМХЭГ Н.Энхбаярт лиценз олгосонгүй. Н.Энхбаяр Батхуягт өөрт нь шууд болон өөр хүмүүсээр дамжуулан хандаж, хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлж өгсөн, хуулийн дагуу лиценз олгохыг удаа дараа хүсч шаардсан боловч С.Баяр дарга танд лиценз битгий өгөөрэй гэж хэлсэн учир би өгч чадахгүй нь гэсэн хариу сонсчээ.
Н.Энхбаяр хуулийн зөвлөх Ш.Раднаасэдтэй зөвлөлдөж, АМХЭГ-аас хуулийн дагуу лиценз олгохгүй байгааг шийдүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүх асуудлыг авч үзээд АМХЭГ нь хуулийн дагуу бүрдүүлсэн бичиг баримтын дагуу лицензийг олгох ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэр гарсан ч АМХЭГ-ын дарга Батхуяг С.Баяр дарга танд лиценз битгий олго гэсэн учир олгож чадахгүй гэсэн байр сууриа барьсаар байв.
Н.Энхбаяр хуулийн зөвлөх Ш.Раднаасэдэд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллагад хандаж, шүүхийн шийдвэрийн дагуу АМХЭГ-аас лиценз олгуулах талаар хөөцөлдөхийг хэлсэн байна. Гэвч ШШГБ шүүхийн шийдвэрийг биелүүлэх тал дээр идэвх чармайлт гаргасангүй.
Ингээд дээрээс шууд үүрэг өгч тавьсан хоригийн дагуу АМХЭГ-аас лиценз өгөөгүй, шүүхийн шийдвэр гарсан ч олгоогүй, дээр нь Н.Энхбаяр бизнес хийхэд гэр бүлийн бусад гишүүд, хамт ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүмүүс рүү эрх баригчдын зүгээр ил далд заналхийлэх, хавчин гадуурхах, мөрдөн мөшгөх  зэрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн тул Н.Энхбаяр байгуулсан “Эскон“ компанийг бүхэлд нь гэр бүлийн  гишүүдийн нэр дээр шилжүүлжээ.
Дахин хэлэхэд Н.Энхбаяр болон түүний гэр бүлийн гишүүд өөр өөрийн мэдлийн аж ахуйн байгууллагуудыг эхлээд “Эскон“ компанид төвлөрүүлэхдээ, мөн дараа нь Н.Энхбаяр гэр бүлийн гишүүддээ “Эскон“ компанийг шилжүүлэхдээ үнэ төлбөргүй зохицуулсан юм. Нэг гэр бүлийн гишүүд бизнесээ томруулах, идэвхжүүлэхийн тулд компаниудыг нэгдсэн бүтцэд нэг нэгэндээ үнэ төлбөр төлөлгүй оруулсан нь ойлгомжтой гэдгийг давтах юун.
Гэтэл үүнийг өнөөгийн эрх баригчдын даалгавраар тэдний бууны нохой болсон хууль хяналтын байгуулагынхан нэг нэгнийхээ компанийг “завшсан” мэт, эсхүл нэг нэгнийхээ компаниар дамжуулан улсыг “завшсан” мэт худал үлгэр зохион мушгин гуйвуулж, санаатайгаар мэдэн будилж, Н.Энхбаяр болон түүний гэр бүлийн гишүүдийн эсрэг зохиомол хэрэг үүсгэж хэрэг төвөгт холбогдуулах гэж улайрч байгаа юм. Уг нь Монголд Н.Энхбаяр ба түүний гэр бүлийн гишүүд, хамаатан садан бизнес хийж болохгүй гэсэн заалттай хууль байхгүй боловч тэд хуулийн дагуу болон зохих байгууллагуудын шийдвэрийн дагуу бизнес хийснийг болон хийх гэснийг эрх баригчид гэмт хэрэг хийсэн мэт үзэж, буруутгахыг элдвээр оролдож байна.
Өнөөдөр “Эскон“ компани нь Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд хэдийгээр эрх баригчид элдвээр оролдож байгаа ч хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, улсад татвараа төлж, иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш