logo
Дэгээ тасарснаас амиа алджээ

Дэгээ тасарснаас амиа алджээ

2012/07/18
Энэ сарын 6-ны өдөр харамсалтай тохиолдлоор эрдэнэт хүний амь үрэгдсэн талаар өнөөдөр хохирогчийн ар гэрээс мэдээллээ.   Талийгаачийн эхнэр Д.Энхцэцэг "Би хэн нэгнийг буруутгах гээгүй юм шүү. Монголчууд аа, бие биесээ хайрлаач ээ, хамгаалаач ээ. Би 39 настай, 3-13 насны 4 хүүхэдтэй. Талийгаач нөхрийг маань Г.Шоовдор гэдэг, 1973 онд Завхан аймгийн Отгон суманд төрсөн залуу байлаа. "Сигма инжинэринг" компанид гагнуурчнаар ажиллаж байв. Гэтэл Хан-Уул дүүргийн Биокомбинатад өнгөрсөн 6-ны өдөр осол гарах үеэр кранаар юм өргөх гэж байсан гэдэг. Үүний тулд өргөх зүйлийнхээ тал талаас дэгээ өлгөдөг бололтой юм. Гэтэл тэр өдрийн 11 цагийн үеэр өлгөж байсан нэг дэгээ нь тасарсны улмаас талийгаач маань ойрхон байж таарснаас төмөр дэгээ толгойг нь цохисноос үүдэн амиа алдлаа.

 Түүнийг эмнэлэгт хүргэх замд амьд байсан хэдий ч эмнэлэгт ирээд анхны тусламж авах нь байтугай өвчний түүхээ нээлгэж ч амжилгүй бурхан болсон. Талийгаач хамгаалалтын малгай буюу каск өмсөөгүй байсан гэнэ лээ. Гэхдээ би хэн нэгэнд гомдоогүй, хэн нэгнийг буруутгах гээгүй. Тэр каск өмсгөөгүй инженер, бусад бүх хүнийг би хохирогчийн хувьд уучилж байгаа шүү. Осол гарах үеэр 10 гаруй хүн ажиллаж байсан гэсэн. Тухайн компани оршуулгын зардалд тодорхой хэмжээний мөнгө гаргасан" хэмээн мэдэгдлээ.

С.Амар
Эх сурвалж: "Монцамэ" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш