logo
МАН-ын хувь тавилан харанхуй байна уу?

МАН-ын хувь тавилан харанхуй байна уу?

2012/07/18
МАН хэмээх улс төрийн намын оршин тогтнол нь хэзээд маш хэврэгхэн, эмзэгхэн туйлын арчаагүй байх юм. Хэдий өөрсдийгөө Монголын улс төрийн ууган хүчин, анхдагч нь хэмээн цоллох дуртай ч XX зууны 20-д онд гурван жил болоод л устан алга болж XXI зуунд ч мөн адил үүнийгээ давтаж жил гаруйхан болоод л арчигдах дээрээ тулж шившигээ тарьж байна.

Социализмын гэгдэх он жилүүдэд МАХН гэсэн дүрээр Монголын улс төрийн өнгө төрх нь болж, ардчилсан гэгдэх хувьсгалаас хойш хорин хоёр жилийн хугацаанд 1992-1996, 2000-2004 онд найман жил засгийн эрхэнд байж, 2004-2008, 2008-2012 онуудад бас л найман жил хамтарсан гэгдэх тодотгол дор Ардчилсан намтай хамтран засгийн эрхэнд сууж Монголын төрөөс нэг алхам ч холдоогүй шахам явсан МАН-ын хувь тавилан дээсэн дөрөөн дээр л дэнжигнэх гэгч нь болчихлоо. МАХН гэдэг нэрээс татгалзаж буцаад МАН болгосон энэ нам эрчтэй гэгч нь доройтож байна даа. Доройтон унаж буй шалтгаан нь ч өөрсдөөс нь шууд л хамааралтай гэдгийг харалган нөхдүүд одоог хүртэл мэдээгүй л яваа юм биш биз.

Ардчиллын гэгдэх он жилүүдэд тэд засгийн эрхийг дангаар, хамтарсан байдлаар барьж төрийн толгой дээр хангалттай тонгочсон ч энэ улс оронд зоригтой өөрчлөн шинэчлэлт, бүтээн босголт нүдэнд гялтайх юм нэгийг ч хийж чадаагүй, тийм юм хийх чадвар ч тэдэнд үнэндээ байсангүй. Хулгайч луйварчидтай хуйвалдан авлигал хээл хахуулийг цэцэглүүлж, улс орноо худалдан доройтуулж, ард түмнээ ядууруулж л тэд чадсан. Тэдний муу муухайг цааш үргэлжлүүлвэл энэ үлгэр хэзээ ч дуусахгүй биз.

Улс төрийн нам гэгдэх жинхэнэ утгаа алдаж, элдэв төрлийн ашиг сонирхолтой бизнесийн бүлэглэлийн үүр уурхай болж, тэдний ашиг сонирхолд үйлчилж, албан тушаал мөнгө хоёрыг салшгүйгээр гагнан холбож түүнийхээ ч золиосонд энэ нам нуран унаж байна. Хэдий өөрсдийгөө боловсон хүчний нөөцтэй гэж бардамнадаг ч мөнгөтэй хэрнээ боловсролгүй нөхдүүдээр эгнээгээ тэлснээр чадварлаг, мэдлэгтэй боловсон хүчний бааз суурьгүй болсон, намын лидер гэгдэх нөхдүүд нь мэдлэг боловсролоос хол хөндий, улсаасаа баян цатгалан олигархийн эгнээнд жагссан гээд энэ намыг унах шалтгаан мундахгүй.

Хэдий тэд 2012 оны УИХ-ын сонгуульд өмнөх шигээ булхай луйвраа хийсэн ч засгийн эрх барих хэмжээний суудал авч чадаагүй. Парламентад 28 хүний суудал авсан ч тэдний найм нь сонгуулийн луйвраар, арав гаруй нь авлигалын хэргээр дуудагдах өндөр магадлалтай. Ингэснээрээ энэ нам Улсын Их Хуралд арав хүрэхгүй суудалтай үлдэж сүйрэн унах шатандаа орно. Хэдий тийм ч улс орныг нилэнхүйд бүрхсэн намын сүлжээгээ ашиглаж орон нутгийн сонгуульд хүчтэй үзэхээр бэлдэх нь дамжиггүй. Ингэснээрээ тэд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж одоогийн Ерөнхийлөгчид томоохон чөдөр тушаа болж дарж авах төлөвлөгөөтэй байгаа ч энэ нь хормын дотор нуран унана. Орон нутгийн сонгуулиас өмнө намын шинэ хууль гарч намыг гишүүнчлэлгүй, өмч хөрөнгөгүй болгож тэдний хөл гарыг нь тасдахаа одоогийн эрх баригчид сайн мэдэж байгаа. Ингэснээрээ МАН гэдэг нам улс төрийн хөрснөөс арчигдан устан алга болох нь цаг хором мөч бүхнээр хэмжигдсээр байх болно.

Хэрвээ энэ намд алсыг хардаг мэдлэг боловсролтой, чадварлаг, эх оронч, зүрх сэтгэлтэй, мөнгө албан тушаалд баригдаагүй, эх орон ард түмнээ боддог цэвэр гэсэн улс төрч байдаг бол гарч ирээд улс төрд шинэ гарцыг бий болгох боломж байгаа. Монголын зүүний гэгдэх улс төрийн намуудтай нийлж аврагдах ганц гарц л тэдэнд байна. Ингэснээрээ улс төрийн шинэ томоохон хүчнийг гарган ирж Монголын улс төрийн өнгө төрхийг өөрчлөн энэ улс оронд тулхтай хүчнийг бий болгох үүд хаалга нээлттэй. Даан ч үүнийг хийх зоригтон энэ намаас лав төрөхгүй биздээ. Тэдэнд зүрх зориг мэдлэг боловсрол гэдэг юм хэзээд дутсаар ирсэн. МАН-ын хувь тавилан өдөр ирэх бүр харанхуйлсаар л байна. Тэд энэ байдлаараа үлдвэл өөрөө өөрсдийгөө хором бүрт устгасаар л нэг их удалгүй сүйрэн унах нь тодорхой.

А. Ганболд 
Sonin.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш